Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны сургалтын танхимд боллоо. Уг үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ХБХХЕГ-н дэд дарга Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг, аймгийн ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.
Арга хэмжээнд оролцсон эцэг эхийн төлөөлөлд “Эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх” болон “Эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэх” талаар сургалт хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Баян-Өлгий аймагт санхүүгийн дэмжлэг авсан байгууллагуудад хяналт хийх, эрт илрүүлэг, сэргээн засахын цогц үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар урьдчилсан үзлэгт 40 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд үзлэг маргааш үргэлжлэх юм.
Монгол Улсын статикийн хорооноос гаргасан судалгаагаар 2021 оны эцсийн байдлаар манай аймгийн хэмжээнд 3851 хүн хөгжлийн бэрхшээлтэй. Үүний 820 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
ХБХХЕГ-н дэд дарга Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдан гэрээ байгуулсан төрийн бус байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн явцтай танилцаж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит тугийг Баян-Өлгий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Д.Бауыржанд гардуулан өглөө.