МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Монгол эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон тус холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын тэргүүн Х.Назымгүл нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлманай аймагт ирсэн зорилгоо засаг даргад товч дурдав. Тэрээр тус холбооны түүхт 100 жилийн ойг угтаж “Монголын Эмэгтэйчүүд-100” төслийг эхлүүлж, 2200 эмэгтэйг тодруулан, намтар түүх, алдар гавьяагаар нь бахархан түүхэн танилцуулаг ном гаргах гэж буйгаа танилцууллаа.

Тус номоор дамжуулан Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрчүүдтэй нэгэн адил оролцож байсан үе үеийн эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулан сурталчлах, тэдний хийсэн бүтээсэн амжилтын түүхийг үлдээх, залуу охид, эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болгон Монголын эмэгтэйчүүдийн манлайллыг алдаршуулах аж.

Мөн тус холбооноос “Халдваргүй Монгол эмэгтэй” төслийг эхлүүлж, умайн хүзүүний хорт хавдар, хөхний хавдрын эрт илрүүлэг оношлогоо хийх эрүүл мэндийн боловсрол олгох явуулын эмнэлэг явуулахаар төлөвлөжээ.

Энэ ажлын хүрээнд Монгол эмэгтэйчүүдийн холбооны даргаар 25 жил, Ардын Их хурлын депутатаар 10 удаа сонгогдсон төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвалын амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” уран сайхны кино нээлтэй хийж, орон нутгийн театруудаар гарч эхэлсэн. Манай аймагт “Улаан цэцэг” МУСК аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театр гарч эхэлсэн. Уг киноны орлогын МЭХ-нд оногдох хувь нь “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн санхүүжилтэд орох юм.

Иймд Монгол эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл дээрх хоёр төслийн хүрээнд хамтран ажиллах санал хүсэлтээ аймгийн Засаг дарга болон ЗДТГ-т тавилаа.

Засаг дарга Д.Бауыржан тус хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийллээ.

You May Also Like