Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.
Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар болон “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” төслийн хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллахаар иржээ.
Манай аймагт албаны ажлаар ирсэн УИХ-ын Тамгын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Д.Уянга, төслийн зөвлөх Э.Гэрлээ болон төслийн захиргаа санхүүгийн ажилтан Б.Нямсүрэн нарыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан албан өрөөндөө өнөөдөр өглөө /2022.04.22/ хүлээн авч уулзлаа.
Ажлын хэсгийн албаны хүмүүс манай аймагт “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулах нөхцөл, боломжийг судалж, санал боловсруулах, Ерөнхий боловсролын сурагчид болон ЕБС-ийн сургуулийн нийгмийн ажилтан, түүх, нийгмийн ухааны багш нарт “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцуулах зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж буйгаа танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэлсэн үгэндээ “Парламентын боловсрол эзэмшсэн иргэн л төр засаг, орон нутгийн засаг захиргаа, улс төрийн намын ажиллагааг илүү сайжруулах өөрчлөлтөд бодит нөлөөлөл үзүүлж чаддаг. Тиймээс ирээдүйн залуу сонгогчдын улс төрийн мэдлэг боловсрол дутмаг, улс төрийн оролцооны ач холбогдлыг ойлгохгүй байгаад анхаарч идэвхтэй залуус, хариуцлагатай сонгогчийг эртнээс бэлтгэх цаг болсон гэдгийг онцолж, энэхүү төслийн ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.