Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Хилийн “Цагааннуур” боомтод ажиллаа. Хилийн боомт нь 1933 онд байгуулагдсан аймгийн Ногооннyур сумын 9 баг “Улаанбайшинт” сууринд байрладаг. Уг сууринд 50 орчим өрх 230 гаруй хүн амтай. Иймд тус боомтын ажилтан албан хаагчид болон оршин суугчдад уулзаж, аж амьдралтай танилцлаа.
Засаг дарга Д.Бауыржан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, уг бодлогын хүрээнд манай аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсон талаар болон тус боомтыг авто замаар холбож, байнгын үйл ажиллагаатай/24 цагаар/ ажиллуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
- Боомтын албан хаагчид болон оршин суугчдын хувьд хамгийн их тулгамдаж буй асуудал цэвэр ус буюу гүний худаг. Уг асуудлыг Цагааннуураас-Улаан байшинтын боомт хүртэлх 25.8 км авто замын ажил гүйцэтгэж буй БНХАУ-ын “Лонгжиан Роуд энд Бридж” ХХК-ий тусламжтайгаар шийдэж, гүнийхудаг барьж байгуулахаар боллоо.
- Боомтын байгууламжийн шалыг паркет нь шалаар солиулах хүсэлтийг шийдвэрлэхээр болж шаардагдах хөрөнгө мөнгийн тооцоо гаргаж ирүүлэхийг захирагчид нь үүрэг болгов.
- Оршин суугчид газар эзэмших болон өмчлөх асуудлын талаар тодруулсныг засгийн газрын түвшинд яригдаж шийдэхээр болсон гэдгийг хэллээ.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Цагааннуур боомтыг чөлөөт бүс болгож, аймгийн аялал жуулчлалын хөгжүүлэхэд чухал нөлөөтэй гэдгийг онцолж, боомтын албан хаагчдад ажлын амжилт хүслээ.
Ташрамд дурдахад: Хилийн боомтоор энэ оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 6 орны 3389 тээврийн хэрэгсэл, 4855 зорчигч хилээр нэвтэрчээ. Хилийн “Цагааннуур” боомтоор Оросын Холбооны улсаас импортын бараа голлон зонхилдог бөгөөд импортын гол нэрийн бүтээгдэхүүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнсний зүйл болон бусад бараа материал 25 хувийг эзэлж байна.