Аймгийн Засаг дарга Алтанцөгц болон Баяннуур сумын иргэдтэй хийх уулзалт малын гоц халдварт шүлхий өвчнөөс болж түр хугацаагаар хойшлогдсон. Тэгвэл 5 дугаар сарын 6-ны өдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баяннуур сумын оршин суугчид, малчид, хөдөлмөрчидтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Засаг дарга Д.Бауыржан иргэдэд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” болон Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, уг бодлогын хүрээнд манай аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсон талаар иргэдэд мэдээлэл өглөө. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг танилцуулж, тулгамдаж буй асуудлыг талаар санал солилцлоо.
Мөн энэ үеэр тус сумын иргэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар өөрсдийн санал бодлоо Засаг даргад хэллээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт тогтсон Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдана. Тус УЦС-ын төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний хараат байдал арилах стратегийн ач холбогдолтой юм.
Уулзалтын төгсөлд мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан хөдөлмөрийг үнэлж аймгийн Засаг даргын 2022 оны А/65 дугаар шийдвэрийн дагуу шагнагдсан аймгийн аваргуудын шагналыг Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв.
Баяннуур сумаас аймгийн хошой аварга өрх 4, аймгийн аварга өрх 6, аварга саальчин 1, аварга тариаланч 1 тус тус төрөн гарсан.
Баяннуур сум нь 1983 онд байгуулагдсан бөгөөд төмс, хүнсний ногоогоор аймгийн хэрэгцээний 60%-ийг хангаж байна. Ноолуурын гарц сайтай уулын бор ямаатай. Нутгийн сор бүтээгдэхүүн нь алим зэрэг онцлогтой сум юм.