Аймгийн Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Өлгий хотыг тойрон гарах Авто Зам болон гүүрийн ажилтай газар дээр нь очиж танилцан ажиллалаа.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өлгий сумыг тойрсон 18,9 зам, 204 метр гүүрийг барих ажлыг “Эйч Кей Интернешл Холдинг” компани өнгөрсөн жилээс эхлэн барьж эхэлсэн. Гэвч өнөөдрийн хүртэлх тухайн газрын суваг шуудууг таглаж, зам барих ажил урагшлахгүй байна. Тиймээс Засаг дарга өөрийн биеэр очиж, тухай компанийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
Энэ үеэр Засаг дарга ирэх 06 дугаар сарын 01 гэхэд зураг төсвийн дагуу, шуурхай ажиллахгүй бол үйл ажиллагааг зогсоож, ногоон төгөл тарихад усжуулах суваг, шуудууг нээх болно гэдгийг мэдэгдэв.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 20 сая мод тарихаар болсон бөгөөд өнгөрсөн жилээс эхлээд тарьж, арчилж, хамгаалж эхэлсэн байдаг. Энэ жилийн хувьд 350 мянган мод тарихаар төлөвлөж, аж ахуйн нэгж, байгууллагууд хуваарьт газартаа модоо тарьж эхэлсэн байгаа. Өлгий хотын 40 жилийн түүхтэй 4 том ногоон төгөл байдаг ба 35 мянга гаруй мод нь 2 жилийн хугацаанд усалгаагүй болж үхэж байна. Аймгийн хувьд Зам болон гүүрний ажил эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Гэсэн хэдий ч нэг бүтээн байгуулалтаар нөгөө бүтээн байгуулалтаа үгүй хийж олон сая төгрөгөө салхинд хийсгэмээргүй байна. Иймд усжуулалтын чухал суваг, шуудууг хурдан шуурхай гаргаж өгөхийг шаардаж байна гэдгийг Засаг дарга ажил гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хэллээ.
Харин Энэтхэг улсын ICT компанийн зөвлөх, багийн ахлагч ноён Рам Пракаш болон төслийн менежер ноён Ли Чой Лин нар учир байдлаа тайлбарлаж, таны шаардлагыг авч, шинэ зураг төсвийг гар дээрээ авангуутаа хурдан шуурхай суваг, шуудууг нээх болно гэдгээ хэллээ.
Засаг дарга Д.Бауыржан орлогч дарга Х.Арман, Өлгий хотын захирагч Д.Есболат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар нарт дээрх компанитай тавьсан шаардлага биелүүлэхэд нь хяналт тавин, нягт хамтран ажиллахыг үүрэг болголоо.