БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЭХ, НЯРАЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 12 НЭР ТӨРЛИЙН 37 ШИРХЭГ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БЭЛЭГЛЭЛЭЭ

       Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен болон Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч Х.Өмиргүл нар Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар  мэдээлэл солилцох уулзалтад оролцов.

   Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол улсад 2021-2023 он хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

         Мөн энэ үеэр уг төслийн шугамаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх ,нярайн тусламж үйлчилгээний 12 нэр төрлийн 37 ширхэг 69 сая 560 мянган төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ДЭМБын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица  болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

    Үүнд эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай төрөхийн ор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, нярайн дулаацуулах ширээ, олон үзүүлэлттэй өвчтний монитор, тариурын автомат шахуурга, амбу маск, хүүхдийн урт, өндөр хэмжигч, электрон жин, ургийн монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг багаж тоног төхөөрөмж багтжээ. Эдгээр эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсанаар эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлэх юм.

   Тус уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа болон бусад хэлтсийн дарга нарт аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэд хэдэн хүсэлт тавив.

Үүнд:

  • Аймгийн Төрөх тасгийг Амаржих газар болгох эсхүл Төрөх эмнэлэг болгох
  • Багийн эмч нарын чадавхийг сайжруулах, цахим орчинд ажиллах боломжийг бүрдүүлж, тоног төхөөрөмжөөр хангах
  • Шинээр ашиглалтад орох хоёр эмнэлгийн тоног төхөөрөмж болон хатуу зөөлөн эдлэлийг ирэх жилийн улсын төсөвт суулгаж өгөх
  • Аймгийн төвөөс алслагдсан 300км зайд оршдог Булган сумын жирэмсэн эхчүүд тэндээ аюулгүй, эсэн мэнд амаржих боломжоор хангах
  • 1987 онд ашиглалтад орсон Төрөх тасгийн их засварын ажил зэрэг эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэр гаргагч нарт уламжиллаа.

You May Also Like