АЙМГИЙН МУЗЕЙ ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

   Жил бүрийн тавдугаар сарын 18-нд олон улсын музейн өдөр тохиодог. Дэлхийн улс орнууд олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд 1992 оноос тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулдаг. Тэгвэл олон улсын музейн зөвлөлөөс энэ жилийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд Цахимжуулалт ба хүртээмжийг шинэчлэх хүч, Тогтвортой байдлыг бий болгох хүч, Боловсролоор дамжуулан орон нутгийн хүн амыг нэгтгэх хүч гэсэн 3 зорилтын  хүрээнд тэмдэглэхээр уриалсан юм.

   Олон улсын музейн өдрийг тохиолдуулан аймгийн музей “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Энэ сайхан өдөр музейн задгай талбайд  улс орны эртний болон түүхэн дурсгалт үеүүдийг харуулсан музейн үзмэрүүд болон зургийн үзэсгэлэнг дэлгэж, аймгийн удирдлагууд, ерөнхий боловсролын сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэд багачуудад толилууллаа.

   Уг нээлттэй өдөрлөгт ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Соёл урлагийн газрын дарга Х.Бекжан, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дарга Б.Өмирбек, Биеийн Тамир Спортын Газрын дарга  Х.Хайнар, Баян-Өлгий аймаг дахь Монгол банкны салбарын захирал Х.Серёжа,  Музейн захирал А.Айшагүл болон музейн ажилтан албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, иргэд болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо.

   Аймгийн музейн нь анх 1948 онд орон нутаг судлах кабинет нэртэй байгуулагдаж байсан түүхтэй.  Олон үндэстэн ястны өвөрмөц бүрэлдэхүүнтэй манай аймгийн музей нь гадаадын болон өөрийн орны аялал жуулчлалын сүлжээнд чухал байр суурь эзэлж, үндэстэн бүр түүх, соёлын өв, зан заншил, ахуйн хэвшлээ хадгалан хамгаалах болон шинжлэн судалж, сурталчлахад нэгэн хөшүүрэг болсоор 74 жилийнхээ түүхт ойтойгоо золгосон байна. Олон улсын музейн зөвлөл, Соёлын Яамнаас 2020, 2021 оны үйл ажиллагаагаар нь дүгнэн улсын хэмжээнд таван музейг шалгаруулсан бөгөөд манай аймгийн музей шилдэг музейн нэгээр  шалгарсан амжилтаар олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

    Дашрамд дуулгахад: Олон улсын музейн зөвлөлөөс гаргасан 2022 оны 3 төрлийн зорилтын хүрээнд тус өдрийг тохиолдуулан аймгийн музей “Гэр бүлийн хөтөлбөр”-ийн үйл ажиллагааг шинээр нэвтрүүлж, “Хүүхдүүдэд зориулсан музейн боловсролын хөтөлбөрүүд, “Танин мэдэхүйн нээлттэй өдөрлөг”, “Музейн аялал”, “Өв соёлоо ирээдүйд” зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг 05 дугаар сарын 12-ноос энэ сарыг дуустал ард иргэддээ зохион байгуулан ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

You May Also Like