ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД “ЖЕНДЭР БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

   Баян-Өлгий аймгийн Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд буюу сумдын ИТХ-ын дарга нар болон сумдын Засаг дарга нар “Жендер ба хүний эрх” сэдэвт сургалтад хамрагдлаа.  Сургалтыг Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/, Төрийн албаны зөвлөл,  Нэгдсэн Үндэстний байгууллага хамтран өнөөдөр /2022.05.19/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд  зохион байгуулж явууллаа.

   Энэхүү сургалтын гол агуулга нь Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх. Цаашлаад төрийн байгууллагад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах. Мөн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэхэд чиглэжээ.

   Аймгийн Засаг дарга Д.Бауыржан сургалтыг нээж үг хэлж, оролцогчдод жендрийн мэдрэмжтэй байж, төрийн албаны үйл ажиллагаа болон бодлого, төлөвлөлт хийх, шийдвэр гаргах үед  хүний эрхийг эрхэмлэн дээдэлж, хүний эрхийн зарчим, асуудлыг анхаарч ажиллахыг дурдан, сургалт зохион байгуулагчид ажлын амжилт хүслээ.

   Тус сургалтыг Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийн захирал, доктор, профессор Б.Өлзийсайхан, Хүний Эрхийн Үндэсний комиссын ахлах референт Х.Цэцгээ нар удирдан явууллаа.

You May Also Like