АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

   Аймгийн Засаг дарга Д.Бауыржан нисэх онгоцны буудалд ирэх зорчигчдын ачаа тээш тараах конвейр буюу ремень суурилуулах үйл ажиллагаатай өчигдөр /2022.05.19/ газар дээр нь очиж танилцлаа. Манай аймгийн нисэх буудлын суурь анх 1958 онд тавигдсан бөгөөд 2004 онд цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтайгаар одоогийн нисэх буудлын барилга байгууламжыг ашиглалтад оруулж, одоогийн байдлаар “Аэро-Монголиа” компанийн зорчигч, шуудан тээврийн нислэгүүдийг хүлээн авч нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

   Гэвч цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай баригдсан тус нисэх буудал өдгөө 100-гаад хүний багтаамжтай агаарын хөлгүүдийг хүлээн авч байна. Гадаад дотоодын зорчигчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.  Мөн манай аймаг аялал жуучлалын IV бүс болсоноор зорчигдын тоо улам нэмэгдэх юм. Тиймээс ирэх зорчигчдын ачаа тээшийг болтугай автомат конвейрээр тараах боломжыг  бүрдүүлэхээр хуучин “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын терминалаас авсан конвейр суурилуулж байна.

  Мөн тус нисэх буудал нь 25 авто машин багтах зогсоолтой бөгөөд зорчигчдыг үдэх, угтах иргэдийн машин тэрэг нь багтахгүй хүндрэл гардаг. Иймд тус нисэх буудлаас 80 автомашин багтахаар зогсоолын талбайг чөлөөлж, өргөтгөх зорилгоор хаашаагаа стандартын дагуу татсан байна.

    Харин тус өргөтгөлд гарах төсөв мөнгийг аймгийн Засаг даргын Замын сангийн хөрөнгөөс шийдвэрлэхээр болсон. Өнгөрсөн жил Орон нутаг хөгжүүлэх сангаас тус нисэх буудлыг шилэн кабельд холбож өгсөн.

Засаг дарга нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах үеэр одоо явах зорчигчдын ачаа тээшний конвейрийг Иргэний нисэхийн ерөнхий газартай уламжилаад, шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг аймгийн Нисэх буудлын дарга К.Ержанд үүрэг болголоо.

You May Also Like