ӨЛГИЙЧҮҮД 31 ДЭХ УДААГИЙН ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

   Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлэх 31 дэх удаагийн Үндэсний номын баярын үйл ажиллагаа 5 дугаар сарын 20-нд аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.

   Уг үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Төв номын сан хамтран зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан үйл ажиллагааг нээж үг хэллээ. “Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг үндэсний “Номын баяр”-ын өдийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж  “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий”  үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хүний хөгжилд онцгой анхаарсан байдаг. Манай аймагт талх зардаг дэлгүүр их боловч ном зардаг дэлгүүр ховор, тиймээс  аймгийн томоохон бизнесменүүдэд хандан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг номын дэлгүүрүүдийн салбаруудын нэгийг боловч нээгээсэй гэж хүслээ. Төрийн байгууллагуудад боломжтой бол номын танхим байгуулж, ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг хүсэн уриалга гаргасан байгаа.  Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, “Илүү ихийг уншъя” номын баярын арга хэмжээнд иргэдийг идэвхтэй оролцохыг  аймгийн Засаг дарга уриалаа.

Мөн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн хамт олон цугларсан олонд төрөл бүрийн номыг дэлгэж сонирхуулаа.

Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор сургуулийн өмнөх боловсролын бяцхан хүүхдүүд үлгэрийн баатруудын дүрд хувирч нэгэн дор цугласан нь онцлог байлаа. Үйл ажиллагааны эхэнд бяцхан хүүхдүүд урлагийн тоглолтоо толилуулж, зохиолын баатрын дүр бүтээх парад жагсаалаа үзэгчдэд сонирхуулав.

  Сүүлийн жилүүдэд иргэдийн ном унших  дадал нэмэгдэж, Өлгийчүүд нас харгалзахгүйгээр номтой нөхөрлөдөг болсныг холбогдох байгууллагууд онцоллоо. Тийм ч учраас энэ удаагийн номын баярын арга хэмжээнд номонд дуртай, номыг шимтэн уншдаг уншигч, бичигч иргэд, хүүхэд багачууд, номын хорхойтнууд хамрагдаж  шилдгүүдээ тодрууллаа.

 

You May Also Like