Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Баяннуур сумд ажиллах үеэр энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад орох 12 дугаар ангийн сурагчидад уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлж, зөвлөгөө өгч, мэдээлэл солилцлоо.
Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1751 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Харин Баяннуур сумаас 76 хүүхэд 12 дугаар анги төгсөх юм. Эдгээр хүүхдүүд ЭЕШ-т орж, хангалттай оноо авснаар мэргэжлийн хуваарь сонгох боломж бүрдэнэ.
Иймд Засаг дарга аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран 12 сугаар ангийн сурагчдыг нэг сарын хугацаагаар вакуумжсан сургалт хэлбэрээр ЭЕШ-д бэлтгэх болсноо талаар хүүхдүүдэд дуулгаж, идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Тус Вакуумжсан сургалт Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд энэ сарын 24-ний өдрөөс эхэлнэ. Сургалтыг аймгийн хамгийн шилдэг арвин их туршлагатай багш нар явуулна.
Мөн аймгийн төвд ирж ЭЕШ-ын вакуумжсан сургалтад суух хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар аймгийн Соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр, Номын сан, Орон нутаг судлах музей, Биеийн тамир, спортын газрын удирдлагад үүрэг даалгавар өгөгдсөн, та бүхэн суралцахын зэрэгцээ шинэ найзтай болох, гоё дурсамжтай болох бүхий боломжийг бүрдүүлсэн гэдгийг Засаг дарга хүүхдүүдтэй уулзах үеэр онцлоо.
Мөн энэ үеэр Засаг дарга хүүхдүүд та бүхэн хичээн, сурсан мэдсэнээ харуулж, элсэлтийн ерөнхий шалгалтынхаа зохих оноог авч, цаашид зорьсон их, дээд сургуульдаа элсэн орж хүссэн мэргэжлээр суралцаарай гээд Их дээд сургуульд элсэгчдийн гарын авлага болох “Шинэ алхам 2022” номыг хүүхдүүдэд бэлэглэлээ.
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилго бүхий Засаг даргын захирамж гарсан бөгөөд энэхүү захирамжийн биелэлтийг хангуулах ажлын хүрээнд аймгийн Авто тээврийн төвийн захирал З.Онгар Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, хоцрогдол арилгах зорилгоор биечлэн очиж хамтран ажиллахын зэрэгцээ орчны цэвэрлэгээ хийж, мод тарих хашаа татаж өгсөн байсныг Засаг дарга сайшаав.