АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 32 ДУГААР ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн удирдах ажилтнуудын 32 дугаар ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.05.23/ танхимаар болон цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдан зохион байгууллаа.

Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

Өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсрол, шинжлэх ухааны газар, Онцгой байдлын хэлтэс, Өлгий сумын тамгын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.

Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайдын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Илүүдэл жингүй Эртэч Монгол” аян энэ долоо хоногт хаалтаа хийх тул маргаашаас эхлээд 06:30-07:30 хооронд өглөөний дасгалыг аймгийн төв талбайд зохион байгуулахаар болж, бүх байгууллагын албан хаагчдыг идэвхтэй хамрагдахыг Засаг дарга уриаллаа.

Өнөөдрийн хуралдааны энэ долоо хоногийн үүрэг даалгавар:

  • Засаг даргын аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран зохион байгуулж буй 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх нэг сарын вакуумжсан сургалтад хамрагдах боломжгүй болсон хүүхдүүдийн  шалтгааныг нь олж тогтоохыг Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Г.Аманатайд үүрэг болгов
  • Харин вакуумжсан сургалтад суух хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд анхаарч, арга хэмжээ зохион байгуулахыг аймгийн Соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр, Номын сан, Музей, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Биеийн тамир, спортын газрын удирдлагуудад үүрэг болгов.
  • Уяачдын зөвлөгөөн зохион байгуулах
  • Сумдад тарих модны суулгацыг олгох арга хэмжээг зохион байгуулах
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нүүж орох байгууллагын удирдлагуудын хамт тус барилгын гүйцэтгэлийн явцтай танилцах ажлыг зохион байгуулах
  • Байгууллагууд Эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хуваарийн дагуу өрхийн эмнэлгээс 13А маягт авч, ажилтнуудаа бүрэн хамруулахад анхаарах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.

You May Also Like