ЭЕШ-Д БЭЛТГЭХ ВАКУУМЖУУЛСАН СУРГАЛТ ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА.

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржаны санаачлагаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран ЭЕШ-д бэлтгэх эрчимжүүлсэн нэг сарын сургалт зохион байгуулах тухай шийдвэр гарсан. Энэ сарын 23-ны өдрөөс эхэлсэн сургалтад хамрагдахаар хөдөө сумдын төгсөх ангийн сурагчид аймгийн төвд ирээд байна.

   Боловсрол, шинжлэх ухааны газраас гаргасан хуваарийн дагуу аймгаас сонгогдсон 24 шилдэг багш ЭЕШ-ын 10 судлагдахуун хичээлээр сургалтаа зохион байгуулж өнөөдрийн байдлаар тус сургалтад Алтанцөгц 17, Баяннуур 17, Ногооннуур 21, Цэнгэл 43, Алтай 13, Буянт 1, Бугат 26, Улаанхус 3, Булган 2, Толбо 4 нийт 147 сурагч хамрагдлаа.

   Харин Дэлүүн, Сагсай сумын хувьд эцэг эхийн хурлаар сумын сургууль дээр ЭЕШ-ын бэлтгэл ажлыг хангах болсон тул энэхүү эрчимт сургалтад хүүхдүүдээ илгээгээгүй.  Өлгий сумын төвийн сургуулиуд энэхүү сургалтаа өөрийн сургууль дээр үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа.

     Энэхүү эрчимжүүлсэн сургалтын тухай сурагчдын сэтгэгдлийг асуухад, Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 б ангийн сурагч Т.Мөлдир: “Хувьдаа энэхүү сургалтад хамрагдаж байгаадаа маш их баяртай байна. Шинэ орчинд шинэ танилтай болж, тэдэнтэй харьцахад өөр мэдрэмж төрж байна. Учир нь сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн түвшин өөр хоорондоо ялгаатай байгаа учир өөрсдийгөө тэдэнтэй харьцуулж дутагдалтай талаа хөгжүүлье гэж бодож байна. Мөн энд хичээл зааж байгаа багш нар олон улсын туршилагад суурилуулан маш ойлгомжтой зааж байгаад сайхан байна. Бид энэхүү сургалтыг үүнээс ч эрт эхэлсэн бол илүү ихийг сурах байж гэсэн бодол төрж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Цэнгэл сумын Руханият сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Еркебек: “Би Улаанбаатар хотод ШУТИС-д  Уул уурхайн инженер мэргэжлээр суралцахыг хүсдэг. Сумд гэр орны ажилд туслах гээд хичээл номоо давтахад хүндрэлтэй байдаг байсан. Энд ирээд зөвхөн  хичээл номоо давтаж,  шилдэг багш нараар сонгосон хичээлүүдээ заалгаж байгаад баяртай байна. Багш нарын харьцаа нь хүртэл өөр, эелдэг, найрсагаар бидэнд харьцаж, ойлгохгүй байгаа зүйлээ ойлготол нь зааж байна” гэсэн бол

Цэнгэл сумын Руханият сургуулийн 12 дугаар ангийн сурагч  М.Жанкүмис: “Би Бага ангийн багш болох мөрөөдөлтэй. Иймд МУБИС-д элсэн орохыг хүсдэг. Вакуумжуулсан сургалтад хамрагдаж, аймгийн мундаг багш нараар хичээл заалгаж байна. Энд хичээл илүү ойлгомжтой байна. Багш нарын заах арга зүй маш их таалагдлаа. Сарын хугацаанд илүү ихийг сурна гэж бодож байна” хэмээн ярилаа.

 СУРАГЧДАД АМЖИЛТ ХҮСЭЖ, ИЛҮҮ ИХИЙГ СУРЧ МЭДЭХИЙГ ХҮСЬЕ.

You May Also Like