Санхүүгийн зах зээл өргөжин тэлж бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсронгуй болохын хэрээр түүнийг дагаад санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизм хувьсан өөрчлөгдөж ялган таних, тогтоон илрүүлэхэд хүндрэлтэй болж байна. Гэвч эдгээр залилангийн схемийн нийтлэг шинж нь богино хугацаанд эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж өндөр ашиг хүртэх амлалт өгөх, гишүүнчлэлийн хэлбэрээр дороо хүн элсүүлснээр урамшлуулал авч санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зэрэг боломжийг олгодог. Санхүүгийн залилан, луйврын цар хүрээ өргөжин тэлэх тусам хохирогчдын тоо нэмэгдэж зөвхөн анхны цөөн тооны хөрөнгө оруулагч буюу санаачлагчид ашиг орлогыг хүртдэг тул үүнээс урьдчилан сэргийлэх, богино хугацаанд илрүүлэх, таслан зогсоох тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын хувьд чухал асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарт шинэчлэлтийг эхлүүлж, блокчэйн технологид суурилсан виртуал хөрөнгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон нь манай оронд мөн адил өргөн дэлгэрч койн/токеныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж иргэд, олон нийтээс санхүүгийн эх үүсвэрийг богино хугацаанд татах болсон. Ялангуяа орон нутгийн иргэдийн мэдээ, мэдээллээс алслагдсан байдал, санхүүгийн хүртээмж, санхүүгийн мэдлэгийн түвшин хангалтгүй зэргийг ашиглаж тэднийг татан оролцуулах, залилах тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал, олон улсад пирамид загвартай үйл ажиллагаа явуулдаг буюу өөрийн цахим хуудсаар дамжуулан виртуал хөрөнгийн хэтэвч нээсэн хүнд түүний оруулсан анхны хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг буцаан хэтэвчинд койн/токен хэлбэрээр байршуулж өгдөг, дороо гишүүн элсүүлэх бүртээ урамшуулал олгодог, цахим хуудсан дахь мэдээлэл нь олон хэлэнд хөрвүүлэгдсэн залилангийн шинж чанартай механизмууд гарах болсон. Эдгээр этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар гишүүнчлэлээ нэмэгдүүлж байна.
Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу бүртгэлийн үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэх бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан үйл ажиллагааг эрхэлж буй, бүртгэлийн шаардлага хангасан, Монгол Улсад бүртгэлтэй компани виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болох боломжтой юм. Гэтэл манай улсад бий болсон нэг жишээг дурдвал Platin Coin /PLC/ нэр бүхий койноор дамжуулан СЗХ-ноос албан ёсны зөвшөөрөл авсан гэж иргэдийг итгүүлж санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн, хүн элсүүлэх тутам урамшуулал олгож, хамгийн олон гишүүн элсүүлсэн хүн нь шатлал ахих зарчмаар явдаг схем юм. Тус Platin Coin-ийн цахим хуудас нь 18 орны хэлээр орчуулагдсан бөгөөд 2016 онд домэйн /www.platincoin.com/ нь бүртгэгджээ. Үүний дараагаар домэйныг www.plcultima.com болгон шинэчилж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 9 орны хэлээр орчуулсны нэг нь Монгол хэл юм. Уг компанийн гүйцэтгэх захирал Алекс Рейнхардт нь өмнө нь SwissCoin буюу Platin Coin гарч ирсний дараахан дампуурсан понзи схемийн томоохон гишүүдийн нэг байсан гэж үздэг. Platin Coin нь Дубай, Швейцарь, Хонконг, Словени зэрэг дэлхий даяар тархсан олон тооны халхавч компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэж хэрэглэгчид үздэг байна. Иймээс олон улсын болон зарим орны санхүүгийн зохицуулагч байгууллагаас Platin Coin, PLC Ultima нь эрсдэл өндөртэй тул хөрөнгө оруулалт хийхгүй байх, залилан мэхлэх схем байж болзошгүй учир компанийн талаарх мэдээллийг нягталж, эцсийн өмчлөгчийг тогтоох, аливаа тусгай зөвшөөрөл, бүртгэл эзэмшдэггүй тул хяналт, зохицуулалтад хамаардаггүй талаарх анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргаад байна. Мөн олон улсын шинжээч, судлаачид, виртуал хөрөнгө сонирхогчид, хувь хүмүүс ч энэ талаар судалгаа хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.
Иймд иргэд Та бүхэн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хүлээж болзошгүй хохирлыг бие даан хариуцахыг ухамсарлаж, холбогдох судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл цуглуулсны үндсэн дээр санхүүгийн шийдвэр гаргаж, өөрийгөө болон бусдыг залилан луйвар, санхүүгийн пирамид, эдийн засгийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлнэ үү. Platin Coin, PLC Ultima-той холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг, холбогдох бусад мэдээлэлтэй Та бүхэн доорх хаягаар орж танилцах боломжтой.
- https://www.financemagnates.com/cryptocurrency/regulation/germanys-bafin-warns-against-platincoin-crypto-firm/
- https://bitcoinexchangeguide.com/germanys-financial-authority-warns-crypto-asset-investors-against-platincoin/
- https://behindmlm.com/companies/swisscoin-added-to-finma-warning-list/
- https://ico-class-action.org/class-actions/platincoin
- https://behindmlm.com/mlm-reviews/platincoin-review-top-swisscoin-investor-launches-own-crypto-scam/
- https://myopinion.wwpa.com/post/alex-reinhardt-platincoin-scam
- https://behindmlm.com/mlm-reviews/platincoin-review-top-swisscoin-investor-launches-own-crypto-scam/
- https://ico-class-action.org/class-actions/platincoin
- https://lemonpress.mn/news/piramide_MGL/