АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ЯВЦ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУВААРЬТАЙ ТАНИЛЦЛАА

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.05.28/ Өлгий сумын төвд шинээр баригдаж буй Төрийн үйлчилгээний цогцолбор барилгын явц, төлөвлөлтийн хуваарьтай танилцахаар тус барилгад цаашид үйл ажиллагах явуулах байгууллагуудын удирдлага, албан хаагчдын төлөөллүүдийн хамт газар дээр нь очиж танилцлаа.

   Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос барьж байгаа ба барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн “Агайын” ХХК ажиллаж байна. Тус барилгыг энэ оны 11 дүгээр сарын 30 хүртэл дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн. Уг обьектэд өөрийн гэсэн байргүй байгууллагууд болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Стандарт хэмжилт зүйн газар, Статистикийн газар, Төрийн аудитын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Соёлын газар зэрэг байгууллага орж, иргэдэд төрийн үйлчилгээг нэг газраас үзүүлэх юм.

    Барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Агайын” ХХК-ий менежер Х.Хуат, инженер Д.Тилеуберди нар  барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байгаа талаар танилцууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компани хамт олонд ажлын амжилт хүсэн, бүтээн байгуулалтын ажлыг дулааны улиралд технологийн шаардлагын дагуу чанартай гүйцэтгэх, мөн одоо шаардлагатай байгаа үлдсэн төсвийг холбогдох яамны сайд, агентлагийн дарга нарт танилцуулан шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

   Түүнчлэн тус цогцолборт орох байгууллагын дарга нарт барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж өөрсдийн эзэмших хэсгийн гүйцэтгэлд хяналт тавих мөн цаашид иргэдийг олон давхар, өрөө дамжин цаг алддаг байдлыг хөнгөвчилж тус барилгад орох байгууллагууд төрийн үйлчилгээний ажлыг түргэн шуурхай чирэгдэлгүй үзүүлэх боломжийг хангахын тулд нэг давхаргыг иргэдэд нээлттэй үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний газар болгохоор төлөвлөж байгааг аймгийн Засаг дарга онцлоо.

You May Also Like