Аймгийн удирдах ажилтнуудын 33 дугаар ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.05.30/ танхимаар болон цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдан зохион байгууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.
Хуралдаанаар Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсрол, шинжлэх ухааны газар, Онцгой байдлын хэлтэс, Өлгий сумын тамгын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.
Өнөөдрийн хуралдаан хэд хэдэн онцлогтой болж өндөрлөлөө. Үүнд 33 дугаар шуурхай хуралдаанд бүх байгууллагын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, зөвхөн томилолтоор болон хүндэтгэн үзэх шалтгаантай 2-3 байгууллагын төлөөлөх эрх бүхий удирдах албан тушаалтан төлөөлөн оролцов. Мөн төрийн албан хаагчид зуны ээлжийн амралтаа хуваарийн дагуу авах тул ийнхүү шуурхай хуралдаан 10 дугаар сарын 01-ний хүртэл түр завсарлаж байна.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан цаг үеийн шуурхай асуудлаар мэдээлэл өгч энэ долоо хоногийн доорх үүрэг даалгаваруудыг өглөө.
Үүнд:
- Аймгийн төрийн албан хаагчид Өвөрхангай аймгаас туршлага судлахаар болов. Учир нь Өвөрхангай аймаг сүүлийн 9 жил улсын хэмжээнд төрийн ажлын үзүүлэлтээрээ эхний гурван байранд орж ирсэн. Тус аймгийн сайн туршлагыг орон нутагтаа ажил хэрэг болгох бөгөөд 7 хоног ажиллахаар төлөвлөсөн. Энэ талаар ЗГХЭГ- тай хамтран ажиллана гэдгийг Засаг дарга онцлоо.
- Аймгийн хэмжээнд “Бяцхан үрсээ болзошгүй эрсдэлээс хамгаалъя” 45 хоногийн аян 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн. Төр, захиргааны байгууллагаас анхааруулах, ухуулах, сурталчлах үйл ажиллагааг зөв хийхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудад зориулсан соёл, урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
- Хүүхдийн баярыг зохион байгуулах ажлын хэсэг гаргаж, ажил үүргийн хуваарилалт хийгдэв. Нэн тэргүүнд эмзэг бүлгийн хүүхдүүдийг анхааралдаа авч, баярлуулах ажил зохион байгуулахыг үүрэг болгож бүх хэлтэс, агентлагуудын дарга нарт 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрт нь биечлэн очиж, гарын бэлгийг гардуулж өгөх, үүнээс гадна тэдгээр хүүхдүүдийн нөхцөл байдалтай нь танилцах, цаашид авах арга хэмжээг тодорхойлохыг үүрэг болголоо.
- 6 дугаар сарын 01-ний өдөр автомашингүй өдөр болгож хэд хэдэн чиглэлийн замуудыг 09:00-16:00 цагийн хооронд хаахаар болов.
- Төрийн хэмнэлтийнтухай хуулийг хэрэгжүүлэх хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болгов
- Түүнчлэн хэлтэс, агентлагийн дарга нар 2022 оны ээлжийн амралтын саналыг аймгийн ЗДТГ-т бичгээр болон файлаар ирүүлэх
- Өлгий сумын нутаг дэвсгэрт ойжуулалтын зориулалтаар олгогдсон газруудад мониторинг хийх, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эрхийг цуцлах санал боловсруулах
- Алтай нутгийн Урианхай, Тува, Буриад үндэстний соёлын өдөрлөгийг Толбо нуурт зохион байгуулахад хамтран оролцох, бэлтгэл ажилд туслах
- Булган сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тооны захиалгыг хуулийн хүрээнд ТАСЗ-д ирүүлэх
- Аймгийн ЗДТГ-ын байрны хойд талын талбайн 360 вольтийн ил цахилгааны утсыг далдлах, аюулгүй болгох арга хэмжээ авах
- ЭЕШ-ийн вакуумжуулсан сургалтад сумдын сурагчдыг бүрэн хамруулах арга хэмжээ авах
- Радио, телевизийн нэвтрүүлэх станцын газрын антены ойр орчимд мод тарих ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах, антены гэрэлтүүлгийг орчин үеийн жишигт нийцүүлэх арга хэмжээг зохион байгуулах РадиоТелевизийн Сүлжээний газрын дарга К.Арнагүлд үүрэг болгов
- Аймгийн төв талбайн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх
- Сагсай сум явах зам дагуу баригдаж буй гүүрний дагуу суваг, шуудуу гаргуулах, гаргаагүй тохиолдолд гүүрний барилгын ажлыг зогсоох арга хэмжээ авах
- Урин зун цаг, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Өлгий сумын өнгө, жавхаа, гэрэлтүүлгийг сайжруулах, засмал замын нөхөөсийг засварлуулах арга хэмжээ авах, сумын нутаг дэвсгэрт их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.
Хурлын төгсгөлд Засаг дарга миний талаар сүүлийн үед эрээ цээргүй гүтгэлэг, гүжирдлэг гарах боллоо. Хэрээс хэтэрсэн гүтгэлэг ажил төрөлд маш саадтай байна. Гэвч би тэмцэнэ, ажиллана гэдгээ илэрхийлье. Засаг даргаар ажиллах хугацаандаа багаараа ажиллаж аймгийн ажил төрлийн үзүүлэлтээ улсдаа эхний тавд оруулна гэж зорьж байна. Бидний энэ хичээл зүтгэл хэсэг хүмүүст үл таалагдаж буй учраас Засаг дарга намайг илт зохион байгуулалттайгаар гүжирдэн гүтгэж, нэр төрд халдаж байна. Би гүжирдүүлээд гүтгүүлээд зүгээр суухгүй, зохих арга хэмжээ авна. Үнэн мөн хэзээд ялдаг учраас айх зүйл байхгүй. Харин аймаг орон нутгийн хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө замын дунд тээглэж буй бэрхшээлээс шантрахгүй гэдгээ хэлье хэмээн онцлон тэмдэглэв.