БАЙГАЛИЙН САЙХНЫГ ДҮРСЭЛСЭН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

   Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 30 жилийн ой, Баян-Өлгий аймгийн БОАЖГазрын 20 жилийн ойг тохиолдуулан “Алтайн түмэн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /2022.05.30/ нээлтээ хийлээ.


Уг нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүндэт зочноор уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүлж, “Баян-Өлгий аймгийг аялал жуучлалын IV дүгээр бүс болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ хэрээр аймагт маань ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ. Жуулчид, аялагчдын тоо ихсэхийн хэрээр байгаль орчин сүйрэх аюултай бөгөөд зарим аймгууд байгалиа хамгаалж чадалгүй унаган төрхөө алдсан гашуун түүх ч бас бий. Иймд байгаль орчноо хамгаалах, онгон төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас сэргийлэх, иргэн бүр орчин тойрноо цэвэр байлгаж, байгалиа хайрлан хамгаалан, зүй зохистой ашиглахыг Засаг дарга уриаллаа. Түүнчлэн Баян-Өлгий аймгийг зорин ирснээр юуг үзэж сонирхох боломжтойг харуулсан байгаль, амьтан, ургамал, нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан уран бүтээлүүд тавигдсан нь цаг үеэ олсон арга хэмжээ болжээ гэдгийг онцлов.


Энгийн хэрнээ инээд хөөр цалгина нь үзэсгэлэнд тавигдсан зурагнуудыг түүх, агуулагын мэдээллийг тайлбарласан Засаг даргыг хүүхдүүд хүрээлэн яриаг шимтэн сонсож, түүнийг явуулсангүй. Мөн Засаг дарга хүүхдүүдийн хамт тухайн үзэсгэлэнгээс төрсөн сэтгэгдлээ цаасан дээр буулгалаа.
Үзэсгэлэнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн гэрэл зурагчдын байгаль, амьтан, ургамал, нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан 150 гаруй уран бүтээлүүд, бусад сонирхолтой үзмэрүүдийг танхимаар болон виртуал орчинд сонирхох боломжтой юм.
Зургадугаар сарын 02 хүртэл үргэлжлэх үзэсгэлэн аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт дэлгэгдээд байна.
Та бүхэн хүрэлцэн ирж уран бүтээлчдийн ертөнцөөр аялж мэдлэг оюун ухаан мэлмийгээ мялаагаарай.

You May Also Like