ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫНХАА ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛЛАА

Хамгийн гэгээн тунгалаг, цав цагаахан ертөнц бол хүүхдийн ертөнц… Цайлган цагаан инээдээрээ хорвоог уярааж, эцэг эхийнхээ амин эрдэнэ нь болж амьдралд өнгө нэмсэн энэ гэгээн ертөнцүүдийн баярын өдөр бол 06 дугаар сарын 01 буюу “Хүүхдийн баяр”.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр /2022.05.31/ аймгийн Засаг даргын санаачлагаар Засаг даргын Тамгын газраас ажилтан албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг баярлууллаа.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүрэлцэн ирсэн хүүхэд бүрийг  халуун дотноор тэврэн баяр хүргэж бэлэг гардуулж, эцэг эхийн хамт дурсгалын зураг авхууллаа. Мөн энэ үеэр гоё ганган хувцаслаж, Тамгын газарт өнгө нэмж, чимэг болсон хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, баярын өдрөөр эцэг эхээсээ хоёр зүйлийг хүсэхийг уриаллаа.

“Маргааш аймгийн төвөөр өглөөний 09:00-16:00 цаг хүртэл автомашингүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Иймд хүүхдүүд маань  аав ээжийнхээ гараас атган хөтлөн, аз жаргалын мишээл тодруулан алхах өдөр. Эцэг эхээсээ миний гараас чангаас чанга атган хамтдаа алхъя гэж хүсээрэй. Мөн энэ зун аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар зөвхөн гэр бүлтэйгээ амрангаа аялахыг хүсээрэй” хэмээн уриалахад хүүхэд бүхэн баяртайгаар “за” хэмээн хариуллаа.

Баярын арга хэмжээнд Засаг даргын зөвлөх Ш.Хабыл, орлогч дарга С.Хонаев, ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар нийт албан хаагчид, эцэг эхчүүд, хүүхдүүд оролцлоо.

Модод нахиалж, амьтай бүхэн өнгөө зассан зуны энэ л өдөр хөөрхөн хүүхдүүдийн цангинасан дуу хуур, инээд хөөрөөр хөглөгдсөн нэгэн газар нь Засаг даргын Тамгын газар байлаа.

You May Also Like