АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ЭХ, НЯРАЙ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД НЭН ШААРДЛАГАТАЙ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

    Оросын Холбооны Улсын Засгийн газрын санхүүжилт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлж буй  “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн хүрээнд манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хувиарласан.

   Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Орлогч дарга С.Хонаев, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук болон Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга А.Данабек нар Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч Х.Өмиргүл болон холбогдох эмч ажилчдад гардуулж өглөө.

   Аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Төрөх тасгийн ажлын хамт олон чадлын хэрээр сайн ажиллаж байгаа. Цар тахлын үед манай аймгаас жирэмсэн эхийн эндэгдэл гараагүй. Бидний баялаг бол 44700 хүүхдүүд. Тэдгээр хүүхдүүдийг та бүхэн эх барьж, өлгийдэн авсан. Иймд та бүхний ажиллах нөхцөлийг бүрдүүлж,  төслийн шугамаар Төрөх тасагт эх, нярайн тусламж үйлчилгээний 12 нэр төрлийн 37 ширхэг 69 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгч байна. Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ  үл хайрлан тэмцэх эмч нартай цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

You May Also Like