Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хил хамгаалах байгууллага “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж байгаа. Аймгийн хилийн цэргийн 0165 анги өнөөдөр /2022.05.31/ “Ногоон хэрэм-2” төслийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүндэт зочиноор уригдан оролцож, үг хэллээ. Мөн 0165 дугаар ангийн захирагч хурандаа Р.Эрдэнэтогтох, БОАЖГ-ын дарга Ш.Марат, Монгол Алтайн Нурууны УТХГ-ын дарга Ш.Асхар нар мэндчилгээ дэвшүүлж тус ангийн албан хаагчдад модны суулгацыг гардуулж өглөө.
Энэ үеэр Засаг даргын нэг цэрэг нэг мод саналыг 0165 дугаар ангийн захирагч хурандаа Р.Эрдэнэтогтох ажил хэрэг болгож хавар, намрын цэрэг татлагаар тус ангид хуваарилагдсан цэргүүдэд зориулан мод тарих арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
“Ногоон хэрэм-2” төслийн хүрээнд мод, бутлаг ургамлыг өсгөн үржүүлэх, тарималжуулах, агро-ойжуулалт, ойн-агропаркын төв, тал хээрийн бүсэд ойн зурвас бүхий хамгаалалтын ногоон хэрэм байгуулахаар зорьжээ.
Төслийн хүрээнд аймгийн хилийн цэргийн 0165 дугаар анги мод үржүүлгийн 2 талбайг байгуулж, дараа жилээс өөрсдийн тарих моднуудаа хангах боломжтой болсон гэдгийг дурдав. Мөн энэ жил 18 мянган мод тарих ёстойгоос одоогийн байдлаар 15 мянган тарьсан байна.