Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.06.03/ албан өрөөндөө Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, үйлдвэр технологи хариуцсан мэргэжилтэн Х.Бахыт-ыг хүлээн авч уулзаж газар тариалангийн салбарт хийгдэж буй ажлын талаар мэдээлэл сонслоо.
Х.Бахыт: “Тариалалтын бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ онд аймгийн хэмжээнд 1345.5 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаа. Үүнээс 330 га-д төмс, 152,5 га-д хүнсний ногоо, 106 га-д жимс, жимсгэнэ, 757 га-д малын тэжээл тарина. 06 дугаар сарын байдлаар төмс 250 га, хүнсний ногоо 100 га, малын тэжээл 641 га, жимс жимсгэнэ 95 га талбайд тариалалт эхэлсэн. Тариалан эрхлэгчдэд хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гарч, Баян-Өлгий аймагт хуваарилагдсан үрийг татан авсан. Манай аймагт 10 сая төгрөгөөр 8 нэр бүхий нарийн ногооны үрийн татан авч, тариалан эрхлэх сонирхолтой 13 сумын иргэдэд 80% хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн байгаа. Мөн элит зэрэглэлийн 2 төрлийн төмсний үр авч, Сагсай сумын нэг иргэнтэй гэрээ байгуулж үржүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа. Өвлийн хүлэмж манай аймагт маш сайн хөгжиж байгаа бөгөөд Сагсай, Бугат, Өлгий сумуудад 240м2 талбайтай өвлийн хүлэмжүүд ашиглалтад орж ажиллаа эхлүүлээд байна” хэмээн танилцууллаа.
Энэ онд засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газар тариаланг маш их дэмжиж хөдөө аж ахуйн гаралтай хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Уг зээлийг арилжааны 5 банкаар дамжуулан олгогдохоор болсон.
Энэ талаар Засаг дарга, Газар тариалан, үйлдвэр технологи хариуцсан мэргэжилтэн Х.Бахытаас тодруулахад: “Газар тариалан эрхлэгчдэд арилжааны банкнуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлж байгаа. Тухайн зээлийг малын тэжээл тариалдаг иргэдэд 1 га тутамд 650 мянган төгрөг, жимс, жимсгэнэ тариалагчдад 1 га тутамд 10 сая, хүнсний ногоо тариалагчдад 8 сая, өвлийн хүлэмж эрхлэгч нарт 1 мкв тутамд 100 мянга, зуны нийлэг хальсан хүлэмжийн 1 мкв тутамд 60 мянган төгрөгөөр тооцож олгоно. Банкнуудад шаардлага хангасан тариаланчдын нэрс ирсэн. Манай аймагт 400 гаруй өрх газар тариалан эрхэлдэг гэсэн мэдээлэл байгаа. Холбогдох мэдээллийг сумдын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгаас аваад ХХААХҮЯ руу явуулсан. Тариалалт хийж байгаа газраасаа шалтгаалаад зээл олгоно. Зээл олгох хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Зээл нь 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй. Зээл авах хүсэлтэй тариаланч иргэний хувьд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгэлтэй байх, хураасан ургац нь тус газрын мэдээнд орж байсан байх, НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн эсвэл чөлөөлөгдсөн байх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах талбай нь 0,1 га-гаас дээш хэмжээтэй байх зэрэг шалгууртай. Харин зээл олгох арилжааны банкны шалгуур тусдаа байгаа.” гэдгийг онцлов.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2022 онд аймгийн хэмжээнд 4160,3 тонн төмс, 1874 тонн хүнсний ногоо, 125 тонн жимс жимсгэнэ, 1625 тонн малын тэжээл хураан авахаар төлөвлөжээ. Энэ жил төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 35, жимс жимсгэнийн 1,5, малын тэжээлийн 30 хувийг дотооддоо хангах юм.
Мөн энэ үеэр Засаг дарга өнөөдөр албан өрөөндөө ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн талаар арилжааны банкнуудын удирдлагуудтай уулзахаа, дараагийн долоо хоногт тариалан эрхлэгч нартай газар дээр нь очиж уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, хийгдэж байгаа ажлуудтай танилцахаа илэрхийлсэн юм.