Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг өнөөдөр /2022.06.06/ Өлгий хотын төв талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдэд чиглэсэн хууль тогтоомжийн сурталчлах зорилготой зохион байгуулагдсан юм.
Өдөрлөгт аймгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд оролцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ажлын талаар болон салбарын хүрээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг иргэд, олон нийтэд сурталчилж, салбарын үйл ажиллагааны танилцуулга мэдээлэл, холбогдох лавлагаа, тодорхойлолт гэх мэт бусад иргэдэд нэн түрүүнд шаардлагатай байгаа мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгээс хүргэж, ард иргэдийн өргөдөл гомдол санал хүсэлтийг сонсож, хүлээн авч ажиллав.
Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга С.Хонаев, Х.Арман, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай нар өдөрлөгт оролцож буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Засаг дарга Д.Бауыржан төр захиргааны байгууллагын ажилтан, алба хаагч нарт хандан иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай хүргэж, харилцааны ур чадвар, ажлын цаг ашиглалт, сахилга дэг журмыг сайжруулах, авилга, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хуулиа дээдлэн хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг хүслээ. Мөн “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг жилд хоёр удаа зохион байгуулахыг санал болгож, Засаг даргын эрх мэдлийн хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудыг идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Уг өдөрлөгт оролцсон зарим байгууллагуудын иргэдэд үзүүлсэн үйлчилгээг сонирхуулахад: Цахилгаан шугам сүлжээний газраас хоёр тарифтай электрон тоолуурын ач холбогдлын талаар иргэд олон нийтэд сурталчиллаа.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд /11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл/ гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газрын журам батлагдсан. Айл өрх, шөнийн цахилгаанаа үнэ төлбөргүй хэрэглэхийн тулд тарифт тоолуур суурилуулах ёстой. Өлгий сумдад гэр хорооллын айл, өрхүүдийн цахилгаан хэрэглэгчийн тоо 11 мянган гаруй бөгөөд өнөөдрийн байдлаар 4200 гаруй айл, өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагджээ.
Цахилгаан хөнгөлөлтөд хамрагдахын тулд айл өрхүүд тарифт тоолуур суурилуулах юм. Тарифтай тоолуур нь хэрэглэгчдийн хэрэглээг өдөр, шөнө гэсэн хоёр цагийн шатлалаар тоолдог тоолуур. Өдрийн хэрэглээнд өглөөний 06.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл багтааж байгаа бол оройн 21:00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэлх цагийг шөнийн хэрэглээ болдог. Уг хоёр тарифтай электрон тоолуурыг ЦШС газраас 140 мянган төгрөгөөр худалдан авч суурилуулах боломжтой аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид голлон үйлчилгээ авсныг тус байгууллагын ажилчид онцолж байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлж, ямар хичээлээр шалгалт өгөх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг албаны хүмүүсээс авсан байна. Мөн Хоригдол, хоригдогч нарт оруулдаг илгээмжийн талаар иргэд олон нийт түлхүү тодруулсан байна.