ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ТЭРГҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ӨЛГИЙ СУМ БОЛОН БУГАТ СУМДАД БАЙРЛАДАГ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

  Аймгийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд жилийн 4 улиралд шинэ, эрүүл хүнс, ногоо хэрэглэх тал дээр аймгийн удирдлагууд онцгой анхаарч  байна.  Өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжсэнээр өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салатны байцаа зэрэг нарийн ногооныхоо хэрэглээг дотоодоосоо хангах боломж бүрдэх юм.

 Энэ хүрээнд өчигдөр  /2022.06.07/  аймгийн Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй ажлын хэсэг  Өлгий сум болон Бугат сумдад байрладаг хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. 

    Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2022 онд аймгийн хэмжээнд 4160 тонн төмс, 1874 тонн хүнсний ногоо, 125 тонн жимс жимсгэнэ, 1625 тонн малын тэжээл хураан авахаар төлөвлөсөн гэдгийг өмнө та бүхэнд мэдээлж байсан. Энэ жил төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 35 хувь, жимс жимсгэнийн 1,5 хувь, малын тэжээлийн 30 хувийг дотооддоо хангах юм.

Энэ онд засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газар тариаланг маш их  дэмжиж  хүнс, хөдөө аж ахуйн гаралтай хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.

Иймд Засаг дарга Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Серёжа, Монгол банкны хянан шалгагч О.Айым, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, ХХААГ-ын мэргэжилтэн Х.Бахыт нарыг дагуулан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай хөнгөлөлттэй зээлийн тухай болон Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй Батлан Даалтын зээлийн тухай аж ахуйн нэгжүүдийн эзэдэд танилцуулан, хэрхэн хамрагдах боломжтойг холбогдох албаны хүмүүсээр тайлбарлуулахын зэрэгцээ энэхүү боломжийг ашиглан бизнесээ өргөжүүлэхийг уриалсан юм.

Ингэснээр шим тэжээллэг, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсээр аймгийнхаа иргэдийг хангах юм. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хэрэглэж байгаа хүнсний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарахын зэрэгцээ энэ салбарын бизнест орж орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл бэлэн бөгөөд өөрийнхөө болон бусдын төлөө маш том хөрөнгө оруулалт хийх болно хэмээн Засаг дарга энэ үеэр онцолсон юм.

Ажлын хэсгийн эхний очсон газар А.Манарбек болон Б.Нуржанат нарын 7 дугаар сард ашиглалтад оруулахаар барьж буй өвлийн хүлэмж байлаа. Тус өвлийн хүлэмжийн талбай 350м2 бөгөөд улаан лооль, өргөст хэмх, салатны навч тариалж, жилийн гурван улиралд ургацаа хураан авах боломжтой хүлэмж байлаа. Хүлэмжийн үйл ажиллагаа арай эхлээгүй учир эдгээр бизнес эрхлэгч залуусыг туршлага судлах  хэрэгтэй хэмээн Засаг дарга зөвлөн дараачийн очих үйл ажиллагаа нь тогтворжсон газар тариалан болон өвлийн хүлэмжийн аж ахуйн эрхлэгчидтэй уулзуулахаар дагуулж явлаа.

Үүний дараа Бугат сумын иргэн М.Хуаныш чацарганын талбайд ажиллаа. Тус талбайд чацарганаас гадна малийна, алимны мод ургуулж байгаагаас гадна 1000-гаад модны суулгацыг үржүүлж байлаа.  

Мөн тус сумын “Жасыл алхап” хоршооны чацарганын талбайн үйл ажиллагаатай танилцлаа. Тус талбайн эзэн Х.Тилеубай нь нөхөн сэргээлтийн талбайд чацаргана ургуулж байгаагаар онцлогтой байлаа. Жилдээ 3-4 тонн чацаргана хураан авч зах зээл борлуулдаг байна. Мөн нарийн ногоо тарьж ургуулах хүлэмж барьж байгуулж байлаа. Үүнээс гадна тус хоршоо сүүн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Үүний дараа Бугат сумын иргэн Б.Баймурат чацарганын талбайг үзэж сонирхлоо. Уг чацарганын талбайн онцлог нь зөвхөн хятад үрслэгээр чацаргана ургуулж байлаа.

Өлгий сумын 06 дугаар багийн иргэн Б.Бауыржаны  өвөл, зуны хүлэмжийн үйл ажиллагаатай танилцсан, мэдээлэл солилцлоо. Б.Бауыржаны нь 1200м2 зуны хүлэмж, 550м2 өвлийн хүлэмжтэй бөгөөд үйл ажиллагаан аль хэдийн тогтворжсон, өөрийн гэсэн тогтмол үйлчлүүлэгчидтэй, зэх зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн туршлагатай аж ахуйн эрхлэгч байв. Өвлийн хүлэмжэндээ гүзээлзгэнэ, огурци, улаан лооль, салатны навч ургуулдаг бөгөөд жилдээ  3 удаа ургацаа хураан авдаг байна. Харин зуны хүлэмжээс жилд нэг удаа ургац авдаг гэлээ. Хүлэмжийн үйл ажиллагаагаа 2017 оноос эхэлж, 2019 онд өвлийн хүлэмжээ барьсан байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 2018 онд санхүүжилт авч байсан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байсан туршлагатай байлаа.

Ийнхүү Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг жимс жимсгэнэ, нарийн ногооны хүлэмжийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ холбогдох мэдээллүүдийг  хүргэж, шим тэжээллэг, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсээр аймгийнхаа иргэдийг хангахад  Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал ач холбогдолтой гэдгийг онцлоо.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан,  Засаг даргын орлогч С.Хонаев, Бугат сумын ИТХ-ын дарга Х.Аманхажы, Засаг дарга А.Жамбал, тус сумын байгаль хамгаалагчид, холбогдох мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн  хамт ажиллаа.

You May Also Like