ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТАА ХИЙДЭГ БОЛЛОО

Бөөр шээсний доод замын дурангийн багаж аппарат тоног төхөөрөмжийг ЭМЯ-ны санхүүжилтээр 15-аймагт нийлүүлсэн. Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга С.Хонаев нар өнөөдөр /2022.06.08/ аймгийн Нэгдсэн эмнэлгийн  Мэс заслын тасагт тус дурангийн аппаратыг мэс ажилбарын багажийн хамт хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн энэхүү тоног төхөөрөмжийг ашиглах чадвар олгох зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын их эмч Г.Ганболд болон хагалгааны сувилагч Алма нар  манай аймагт хүрэлцэн ирэн ажиллан сургалт зохион байгуулж,  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгын эрхлэгч З.Исагулын багтай хамтран үзлэг, хагалгаа хийж байна.

Ийнхүү аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар орон нутагтаа бөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.

Нээлттэй мэс засал эмчилгээтэй харьцуулахад дурангийн мэс засал эмчилгээ нь эмнэлэгт хэвтэх хугацаа бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх, гоо сайхны хувьд давуу талтай байдаг.  Мөн эмчлүүлэгчийн биед хэдий чинээ бага зүслэг хийнэ, төдий чинээ бага гэмтэл үүсэж, тэр хэмжээгээр өвчтөнд өвдөлт зовуур бага байдаг.

You May Also Like