Аймгийн Засаг даргын санаачлагааар Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-ын дүнг ахиулах зорилгоор эрчимжүүлсэн сургалтад хамааруулж байна.
Сургалт Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж амжилттай зохион байгуулагдаж байгаа.
Уг сургалтад хөдөө сумын хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 188 сурагч аймгийн шилдэг туршлагатай, мэдлэгтэй 25 багш нараар хичээлээ заалгаж байна. Эрчимжүүлсэн сургалт нэг сарын хугацаатай үргэлжилж 06 дугаар сарын 19-нд дуусахаар төлөвлөгдсөн.
Өнөөдөр /2022.06.09/ аймгийн Засаг дарга Д.Бауыржан өөрийн биеэр тус сургалтын танхимд дээр очиж, хүүхдүүдтэй уулзаж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн, урмын үгээ хайрлалаа. Засаг дарга хуваарийн дагуу хичээл орж буй танхим болгонд орж, багш хүүхэд бүрдээ уулзангаа сургалт маань хэр өгөөжөө өгч буйг тодруулж, эдгээр мундаг багш нараар хичээлийн хоцрогдлоо арилгаж, дутуу юмаа нөхүүлэхийн зэрэгцээ хүрээгээ тэлж, шинэ орчинд шинэ танилтай болгож, өөртөө итгэх итгэлийг олоосой гэсэн юм хэмээн онцлов.
Мөн хүүхдүүдтэй хандан “Та нар бол бидний баялаг. Та бүхний ЭЕШ-аа амжилттай өгөхөд нь туслах зорилгоор энэхүү эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулж байна. ЭЕШ болоход цөөхөн хоног үлдлээ. Үлдсэн 10-аад хоногт чамдан суралцаж, ЭЕШ-аас өндөр оноо аван, хүссэн мэргэжлээрээ суралцаж, эх орондоо хэрэгтэй эрдэм номтой хүмүүс болоорой. 10 хонгийн дараа Монгол Улсдаа Баян-Өлгий аймгийн нэрээр овоглогдоно. Иймд аймгийнхаа нэрийг өндөрт өргөж, өөрийгөө болон эцэг эх, багш нар болон бид бүгдийг баярлуулаарай” хэмээн захилаа.
Энэ үеэр Засаг дарга хүүхдүүдэд бяцхан амьдрах ухааны хичээл зааж, алсын хараатай, зорилготой байхын учир утгыг ойлгуулж, зорилгодоо хүрэхийн тулд хичээх хэрэгтэй гэдгийг сэтгэл зүрхэнд хоногштол ойлгууллаа.
Засаг дарга энэ үеэр өөрийнхөө бяцхан мөрөөдлөө биелүүлснээ нуусангүй. “Аав маань 41 жил хүүхдүүдэд хичээл зааж, багшилсан хүн. Аав шигээ нэгэн өдөр багшилж үзэх юмсан гэж боддог байлаа. Тэр мөрөөдөл минь өнөөдөр биеллээ оллоо. Та бүхэнд баярлалаа” гэлээ. Энэ жил эцэг эх, багш нар, аймгийн удирдлагуудын зүгээс ЭЕШ-д маш өндөр ач холбогдол өгч ийнхүү хамтран ажиллаж байна. Энэхүү сургалт ач тусаа өгч ЭЕШ-ын үзүүлэлтээ ахиулах байх гэсэн хүлээлттэй байгаа.