ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САГСАЙ СУМАНД АЖИЛЛАВ

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр /2022.06.09/ Сагсай сумд ажиллаа. Ажлын хэсэг тус сумдад байрладаг өвлийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус сумд хийгдэж буй ажлын явц болон Сагсай сумын Улаан дэлийн услалтын системийг шинэчлэх, шинээр барих болон сэргээн засварлах ажлын явцтай танилцах зорилгоор газар дээр нь очиж ажиллаа.

   Ажлын хэсэг нэн тэргүүнд тус сумдад байрладаг өвлийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. Бидний өдөр тутмын хэрэглээ, амин дэмийн эх үүсвэр болсон хүнсний нарийн ногоо тарих ажилд бие сэтгэлээ зориулан яваа Х.Хуанышийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай хөнгөлөлттэй зээлийн тухай мэдээлэл өгч ажиллав.

   Х.Хуаныш нь өвлийн хүлэмжийн үйл ажиллагаагаа анх цар тахлын үед эхлүүлж байжээ. Хүлэмжээ өөрийн хүч хөдөлмөрөөр босгосон байна. “Ажлын байранд маань ирж уулзан яриа өрнүүлж байгаад баярлалаа. Хүлэмжийн нийт талбайн хэмжээ 240м2 эзэлдэг. Жилийн 3 улиралд ургацаа хураан авч зах зээлд борлуулдаг. Гэвч борлуулалт муу байгаагаас ургац маань сууриндаа муудаж байгаа. Аймгийн наймаачид гаднаас ногоо татах сонирхолтой бидний ногоог худалдан борлуулах хүсэлгүй байдаг нь борлуулалт маань удаашрахад нөлөөлдөг. Иймд ногоо хадгалах зоорь барихыг зорьж байгааг танилцууллаа.

   Тэрээр, тууштай байж энэ ажлаа үргэлжлүүлэн хөгжүүлэх, олон түмэндээ экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэх нь түүний эрхэм зорилго ажээ. Х.Хуаныш 50кг-аас дээш захиалга өгсөн тохиолдолд аймгийн төвөөр хүргэлт хийдэг байна. Таны ургац арвин байж, ард иргэдээ экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах ариун үйлс тань өргөжин хөгжих болтугай гэсэн ерөөлөөр аймгийнхаа нийт ард иргэдийг эрүүл, химийн бордоогүй, орон нутгийн хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүнээ дэмжихийг энэ үеэр Засаг дарга уриаллаа.

   Дараа нь ажлын хэсэг Сагсай сумын ЗДТГ, Соёлын төв, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Нэг болон хоёр дугаар цэцэрлэг, Стадион зэрэг байгууламжуудын гаднах талбайд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй ажлын явцтай танилцав. Эхний ээлжид байгууламжуудын хашааг янзалж татах, мод тарих, төмс, хүрэн манжин, лууван, сонгино ургуулах зэрэг ажлуудыг эхлүүлжээ.

   Мөн Сагсай сумын Улаан дэлийн услалтын системийн ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сан хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 11 аймгийн 19 суманд хэрэгжүүлж эхлээд байгаа. Уг төсөлд манай аймгийн Баяннуур, Сагсай сум хамрагдсан бөгөөд Сагсай сумын 400 га талбайтай Улаан дэлийн услалтын системийг шинэчлэх, шинээр барих болон сэргээн засварлахаар болсон. Төслийг ЭС ЭНД ЭЙ ТРЭЙД ХХК гүйцэтгэж ажлаа төслийн зураг төслийн дагуу 4 дүгээр сарын сүүлээс эхлүүлжээ. Ажлын хэсэгт услалтын системийн ажлын явцыг тус компанийн төслийн зохицуулагч Ц.Цэрэнхүү танилцууллаа.

    Уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой. Төсөл хэрэгжих сум бүрд 10-аас доошгүй гишүүнтэй ногоочдын 4 бүлэг байгуулж, тэдгээрийг усны хэмнэлттэй усалгааны тоног төхөөрөмж болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний ногооны үрээр хангахаар зорьж байгаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Х.Бахыт онцлов.

   Сагсай суманд Засаг даргын орлогч С.Хонаев, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, ХХААГ-ын мэргэжилтэн Х.Бахыт, Сагсай сумын Засаг дарга А.Исатай тус сумын холбогдох нэр бүхий албан хаагчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд хамт ажиллаа.

 

You May Also Like