БСШУЯ-НААС “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ” УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БСШУЯ-наас боловсролын чанар, үр дүнг дэмжсэн төсвийн шинэчлэлийг эхлүүлж,  энэ хүрээнд анхан шатны нэгж дээр төсвийг хамт олны оролцоотой төлөвлөх, хуваарилах, зарцуулах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгөх уулзалтыг орон даяар танхим болон цахим хэлбэрээр эхлүүлсэн.

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт хүрэлцэн ирж, өнөөдөр /2022.06.11/ бүх сургуулийн удирдах ажилтан, санхүүгийн ажилтнууд, багш нарт төсвийн шинэчлэлийн эрх зүйн реформтой холбоотой уулзалт, зөвлөгөөнийг аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрын зохион байгууллаа.

“Боловсролын салбарын төсвийн шинэчлэл” уулзалт зөвлөгөөнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, аймгийн ЗДТГ, БШУГ хамтран зохион байгуулав. Уг уулзалт зөвлөгөөнд аймгийн 44 ерөнхий боловсролын сургууль, 53 цэцэрлэгийн багш, ажилтан  албан хаагчдын төлөөлөл 400 гаруй хүн оролцлоо.

Уулзалт зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан нээж, мэндчилгээ дэвшүүлж, аймгийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажлууд болон Боловсролын салбар дахь зарим онцлох ажлуудыг дурдсан юм. “Алсын хараа 2050″ хөгжлийн бодлогод уялдуулан “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлан хэрэгжүүлж буйг, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох удирдлага, менежментийн симуляц моделийг аймгуудаас анх удаа боловсруулан хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын чуулганд оруулахаар болсныг, төгсөх ангийн сургачдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх 1 сарын эрчимжүүлсэн сургалтад хамруулж, аймгийн бүх шилдэг багш нараар хичээл заалгаж буйг, боловсролын салбартай холбоотой хэд хэдэн дэд хөтөлбөрийг баталж, анх удаа төсөв мөнгө хуваарилан ажиллаж байгаа зэргийг онцлоо.

Уулзалт зөвлөгөөнөөр Боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл,  Багшийн цалин хөлс, хувьсах зардал, Сургууль цэцэрлэгийн хичээл практикийн зардлын шинэчлэл,  “Эрүүл мэндийн үйлчилгээ”, “Цахим дата багц”-ын танилцуулга,  Гүйцэтгэлийн үнэлгээ аргачлал, Боловсролын ерөнхий газрын бүтэц, чиг үүрэг, багш мэргэжлийн тасралтгүй хөгжил, Хүүхэд хамгаалалд хамтын оролцоог нэмэгдүүлэх нь,  Боловсролын байгууллагын багш удирдах ажилтны ёс зүйн манлайлал зэрэг сэдвийн доор нэгдсэн байдлаар мэдээлэл өглөө.

Шинэчлэлийн хүрээнд боловсролын байгууллагын санхүүгийн бие даасан байдал хангагдаж хувьсах зардал, сургуулийн бүтэц хэв шинж, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоо цогцоороо шинэчлэгдсэн.

Өөрөөр хэлбэл чанар, үр дүнд суурилсан төсвийн шинэчлэл хийгдэж эхэлснээр орон нутагт ажиллаж буй багш ажилчдын цалин бодитоор нэмэгдэж, хичээлийн хэрэглэгдэхүүний зардал цахим хэрэглээний зардал шийдэгдэж, байгууллагын үйл ажиллагааны чанар үр дүнд суурилсан гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулал олгох тогтолцоонд шилжиж байгаа байгаа нь багш нарын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх зэрэг бодит үр дүнд хүрнэ гэв.

Мөн энэ үеэр 2022 онд БСШУЯ-аас манай аймгийн 4 багшид зөвлөх багш мэргэжлийн зэрэг шинээр олгосныг Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга С.Хонаев, БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ж.Ганбаатар нар гардуулж өгч, баяр хүргэв. Ингээд Т.Сауле, М.Жанаргүл,Х.Күлаш,А.Аххайын зэрэг багш нар нэмж зөвлөх багш мэргэжлийн зэрэг авснаар аймгийн хэмжээнд 7 зөвлөх багштай боллоо

.

You May Also Like