ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өлгий сумын ЗДТГ-ын санаачилгаар  аймгийн 13 сум, нэг тосгоны ИТХ болон ЗДТГ-ын төрийн албан хаагчдын дунд спортын өдөрлөгийг зохион байгуулж байна. Уг спортын өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт өнөөдөр /2022.06.11/ эхэллээ.

Төрийн албан хаагчид спортын 4 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.  Уг спортын өдөрлөгийн зорилго нь 13 сум, нэг тосгоны ИТХ болон ЗДТГ-ын төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцахад оршино.

Тус спортын өдөрлөгт аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүндэт зочноор уригдсан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхтэй хөдөлгөөн юм. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар  улс орон даяар зохион байгуулагдсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны нэгдсэн дүнг 21 аймгаас манай аймаг хоёрдугаар байр эзэллээ. Энэ амжилтыг гаргахад төрийн албан хаагчид идэвх санаачилга гаргаж, манлайлан оролцсон. Та бүхэнд талархал илэрхийлье. Суугаа ажил хийдэг төрийн албан хаагчид аль болох дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг онцолж, тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүслээ.

Мөн энэхүү тэмцээнд ач холбогдол өгч, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн,  манлайлан оролцож буй ИТХ, сумын Засаг дарга нарт  онцлон баяр хүргэв.

Энэхүү тэмцээн анх удаа  шилжин явах цомтой зохион байгуулагдаж буйгаар онцлог юм.

You May Also Like