Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2022.06.15/ өглөөний 07:00 цагт эхлэв. Уг хуралдаанд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга нар цахимаар оролцлоо. Хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга А.Галия нар цахимаар оролцов.
Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг танилцуулж, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хамгаалж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрхэлсэн салбар, харьяалах нутаг дэвсгэртээ эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд бүтэц болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагааг дэмжиж, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихыг даалгав.