УИХ-ЫН ГИШҮҮД ОРОН НУТГИЙНХАА ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг энэ сард зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бейсан нар орон нутгийнхаа иргэдтэй уулзалт хийлээ.

Өнөөдрийн эхний уулзалтыг Бугат сумын иргэдтэй хийсэн юм. Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Бугат сумын ИТХ-ын дарга Х.Аманхажы, Засаг дарга А.Жамбал, төрийн албан хаагчид болон иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ нээлттэй илэрхийлэв.

Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баделхан дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн санал, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн шийдвэрийг үндэслэж олон нийтийн санаа бодлыг тандан судлах зорилгоор ийнхүү уулзалтыг зохион байгуулсан талаар УИХ-ын гишүүд дурдлаа.

Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх хүрээнд олон нийтийн санаа бодлыг сонсов.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг улсын хэмжээнд  зохион байгуулж байгаа бөгөөд дүнг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулах юм.

УИХ-ын гишүүд дараачийн уулзалтыг аймгийн төвийн төрийн албан хаагчид болон иргэд хөдөлмөрчдийн төлөөлөлтэй М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт хийлээ.

You May Also Like