МОНГОЛ БИЧГИЙН ӨВ СОЁЛЫГ ТҮГЭЭЖ ЯВАА АЙМГИЙН МОНГОЛ БИЧГИЙН БАГШ НАР БИЙРЭН БИЧЛЭГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Мэлмийн хөтөч” боловсрол хөгжлийн академиас бийрэн бичлэг үндэсний бичгийн унших бичих чадварыг дэмжсэн онол аргазүйн сургалтыг манай аймагт 2022 оны 06-р сарын 22-оос 26-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

             Уламжлалт бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж сурч, хойч үедээ өвлүүлэх ёстой. Тиймээс хойч үеийнхэнд монгол бичгийн өв соёлыг түгээж яваа аймгийн Монгол бичгийн багш нар санаачлан “Мэлмийн хөтөч” боловсрол хөгжлийн академийн багш нарыг манай аймагт урьж ирүүлэн бийрэн бичлэгийг мэргэжлийн түвшинд заалгалаа.

Уг сургалтад мэргэжлийн монгол бичгийн багш нараас гадна сонирхогчид, ерөнхий боловсролын сурагчид гээд 30 гаруй хүн хамрагдлаа. Сургалтыг “Мэлмийн хөтөч” боловсрол хөгжлийн академийн үүсгэн байгуулагч Д.Батмөнх, Ж.Мягмар, Н.Отгонбаяр тэргүүтэй багш нар явууллаа. Мөн сургалтад амжилттай хамрагдсан багш нар “Өлгийн хөтөч” дугуйлангаа байгуулж, нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд өчигдөр /2022.06.26/ хийлээ. Нээлтийн үеэр сургалтад хамрагдсан багш, сонирхогчид, сурагчдын турвисан бүтээлүүдээ дэлгэлээ. Нээлтийн үеэр “Мэлмийн хөтөч” боловсрол хөгжлийн академийн үүсгэн байгуулагч Д.Батмөнх “Бийрээр бичихэд хүмүүсийн өдөр тутмын амьдралыг сонирхолтой болгохоос гадна урлаг гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлдэг төдийгүй хүний сэтгэлгээний цар хүрээг тэлж, илүү хөгжүүлж өгдөг. Уран бичлэг бийрийн эрдэмд суралцахаас эхэлнэ.” хэмээн онцлоо.

Уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, хүний дотоод сэтгэлийн мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Тус академийн багш нар манай аймагт ажиллах хугацаанд бийрэн бичлэг үндэсний бичгээр төрийн байгууллагуудын нэрийг бичиж дурсгал болгон хадгалуулсан ба “Боловсролтой иргэн Монголын маргааш” сэдэвт уулзалтыг аймгийн  М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгуулсан юм.

You May Also Like