Баян-Өлгий аймгийн Eрөнхий боловсролын сургуулийг 2002 онд төгссөн төгсөгчид 20 жилийн ойд зориулан “ӨЛГИЙ ХОТ” хөшөөг босгож, нээлтийг хийлээ.
Улаанбаатар-Өлгий чиглэлийн Өлгий хот орох зам дагуу зүүн талын хаалган дээр энэхүү бүтээн байгуулалтыг төгсөгчид өөрсдийн оролцоо, хандиваар хамтдаа босгожээ.
Уг хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Есболат тэргүүтэй аймгийн удирдлагууд, багш нарын төлөөлөл болон 2002 оны төгсөгчид оролцлоо.
Уг арга хэмжээг нээж Засаг дарга үг хэлж, “2002 оны нийт төгсөгчид та бүхэнд Сургууль төгсөлтийн 20 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Аймгийнхаа бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж, эв нэгдлийн илэрхийлэл болгож энэхүү хөшөөг босгосон явдалд талархал илэрхийлье. Үргэлж олон сайхан үйл явдлын санаачлагч нь, оролцогч нь бас гэрч нь байгаарай.” гэлээ
2002 оны төгсөгчдийн төлөөлөл болох аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед бид 20 жилийн ойн баяраар 20 ажил хийхээр төлөвлөсөн. 20 ажлаа улс, аймгийн бодлого шийдвэрт уялдуулан бүтээлч ажлуудаа өрнүүлж байна. 2002 оны төгсөгчид өөрсдийн хөрөнгөөр олон санаачилгатай ажил хийж байгаагийн нэг нь энэхүү хөшөөний бүтээн байгуулалт юм хэмээн онцлоо.