“ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО-MNS ISO 9001:2016 СТАНДАРТЫН ШААРДЛАГА” СЭДЭВТ АРГА ЗҮЙН СУРГАЛТАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3.1-д “Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO стандартыг нэвтрүүлнэ” гэсэн заалт тусгагдсан.

Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад зориулан  “MNS ISO 9001:2016 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ШААРДЛАГА” сэдэвт арга зүйн хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагуудын албан хаагчид хамрагдаж байна.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан сургалтад хамрагдаж буй төрийн албан хаагчдад амжилт хүсэж үг хэллээ. Тэрээр “Миний бие Засаг даргын мөрийн хөтөлбөрт 7 асуудлыг хөндсөн. Хүний хөгжил, шударга ёс, эв нэгдэл, эхийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, аюулгүй таатай орчин амьдрах гэсэн. Эдгээрийг хэрэгжүүлдэг, түмэнд түгээдэг нь энд сууж байгаа төрийн албан хаагчид та бүхэн. Аймгийн ажил сайн байснаар улс орны өнгө төрх, ажил үйлс, ард иргэдийн аж амьдрал өөдрөг байна. Тийм учраас бүх зүйл та бүхнээс шалтгаална” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо, төсвийн зарцуулалт, ажлын давхардал, хийдэл арилж, иргэдийн аймгийн удирдлагууд болон аймгийн байгууллагуудад итгэх итгэл нэмэгдэж, иргэн ба төрийн харилцаа, ойлголцол шинэ шатанд гарах суурь нөхцөл бүрдэх юм.

Одоогийн байдлаар Аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар, Цагдаагийн газар болон Аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагууд үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа.

You May Also Like