Аймгийн Засаг дарга Д.Бауыржан ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд цэргийн дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжсөөр байгаа. Жил бүр Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, хамтарсан сургалт дадлагуудыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 331 дүгээр ангитай хамтран уулын явган цэргийн сургалт зохион байгуулах, газар орон, орон нугийн байдалтай танилцах, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид баригдаж байгаа Уулын хадан ханан авиралтын заалны явцтай танилцах зорилгоор манай аймагт ажиллалаа.
Уулзалтаар талууд уулын явган цэргийн албан хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын чиглэлээр мэргэшүүлэх, энэхүү сургалт явуулахад боломж бололцоо нь хэр байгааг, сургалт зохион байгуулах явцад эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломж бололцоо байгаа эсэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Мөн уулзалтын үеэр Засаг дарга “Манай аймаг олон гол нууртай. Аялал жуулчлалын гол чиглэл гол, нуурын эрэг дагуу зонхилдог. Аялагчид гол, нуурын эрэг дагуу амарч зугаалдаг бөгөөд гол, нуурын усанд амь нас эрсдэх тохиолдол сүүлийн үед их гарч байгаа. Иймд уулын явган цэргийн сургалт явуулахаас гадна иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор завьт эргүүл, усны ослын үеийн аврах ажиллагааны дадлага сургуулилт, моторт завины жолооч бэлтгэх, бааз сууринд багш бэлтгэх сургалт зохион байгуулах болон МҮСТ-ийн оюутнуудыг оюутан солилцоонд хамруулах, гадаад хэлний танхим байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг дээрх санал хүсэлтүүдийг судлан эргэн хариу мэдэгдэхээ илэрхийлсэн юм.