Аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Д.Бауыржанд аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Азат Гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай болон 2022 оны эхний хагас жилд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээг танилцуулан илтгэв.
Онцгой байдлын газрын дарга З.Азат: “Аймгийн Засаг даргын 2022 оны А/366 дугаар захирамжаар баталсан “Бяцхан үрсээ болзошгүй эрсдэлээс хамгаалъя” 45 хонгийн аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газрын албан хаагчид 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 35 хоног, 280 цагийн хугацаатай Өлгий, Бугат, Цэнгэл сумын нутаг дэвсгэрт Ховд гол дагуу хөдөлгөөнт эргүүл, Толбо сумын нутаг дэвсгэр Толбо нуурт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж 4040 хүнд урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж, гол, нуурын эрэг дагуу хараа хяналтгүй тоглож байсан 920 хүүхэд, согтууруулах ундаа хэрэглэж бие авч явах чадваргүй болсон 30 хүнийг тус тус аюулгүй газарт хүргэж, голын усанд тээврийн хэрэгсэл угааж байсан 58 иргэний үйлдлийг таслан зогсоож, гол нуурын ослоос урьдчилан сэргийлж ажилласан хэмээн илтгэн танилцууллаа.
Харин 2022 оны эхний хагас жилд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээгээр объектын гал түймэр 36, ой хээрийн түймэр 1, гол нуурын осол 7, шар усны үерийн 1, иргэн сураггүй алга болсон 1, ахуйн осол 4, малын гоц халдварт шүлхий өвчин 3, Зам тээврийн осол 1, нийт 54 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 421 хүн, 76 техник хэрэгсэл гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэж, 2 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас усны ослоор 3, ахуйн ослоор 3 нийт 6 хүн амь насаа алдаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 84,9 сая төгрөгийн хохирол учирчээ.
Аймгийн Онцгой байдлын газраас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ орчимд байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллуулж эхэлжээ.
Энэ жил усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш сайн зохион байгуулж, эргүүлт пост ажиллуулж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын зүгээс ард иргэд рүү хандсан сэрэмжлүүлэг мэдээ маш их хүргэж ажиллаж байна. Даанч иргэд бид хариуцлагагүй, хэнэггүйгээс болж, амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирч байгаа тохиолд ч гарч байна.
Тиймээс мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг өчүүхэн ч болтугай дагах юм бол маш их хэмжээний хохирлыг амсахгүй байх боломжтой гэдгийг хэвлэл мэдээллийн албаны зүгээс дахин сануулмаар байна.