Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Монголын криминологичдын холбоо удирдах зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, криминогич Б.Батзориг болон аймгийн ерөнхий прокурор Ш.Баасанжав нарыг өнөөдөр /2022.07.05/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Монголын Криминологичдын холбоо хамтран “Баян-Өлгий аймгийн криминологи судалгаа”-г хийх ажлыг өнгөрсөн 2 дугаар сард эхлүүлсэн.
Үүнтэй холбогдуулан манай аймагт сүүлийн 5 жилд бүртгэгдсэн гэмт хэрэгт криминилогийн судалгаа хийж шалтгаан нөхцлийг тодруулан, үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулан “Баян-Өлгий аймгийн криминологи судалгаа” нэртэй баримт бичгийг Монголын криминологичдын холбоо удирдах зөвлөлийн дарга, судлаач Б.Батзориг аймгийн Засаг даргад гардуулан өглөө.
Монголын криминологичдын холбоо удирдах зөвлөлийн дарга, судлаач Б.Батзориг: “Судалгааны үр дүн, дүгнэлт нь зөвхөн тухайн судалгаагаар тогтоогдсон бодит байдалд үндэслэгдсэн. Аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмт хэрэг /2010-2021 он/, яллагдагчаар татагдсан хүмүүсийн тоон үзүүлэлт /2007-2021 он/, шүүхээр шийтгэгдсэн хүмүүс, хохирогчийн тоон үзүүлэлт /2010-2021 он/, тус газраас гэмт хэгийн шалтгаан нөхцлийг арилгах 2020-2021 оны мэдэгдэл, аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020-2021 онд шийдвэрлэгдсэн 375 шийтгэх тогтоол зэрэг баримт бичгүүдэд судалгаа шинжилгээ хийхээс гадна иргдээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 341 иргэн, 152 экспертээс санал асуулгын хуудсаар судалгаа авч дүн шинжилгээ хийсэн. Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны баримт бичигт дүн шинжилгээ хийж энэхүү баримт бичгийг боловсрууллаа” хэмээн танилцууллаа.
Судалгааны мэдээллийг SPSS21 програм ашиглан боловсруулсан байна. Энэхүү судалгааны баримт бичиг бэлэн болсноор аймгийн 5 дахь бодлогын баримт бичиг бэлэн болж байгаа юм.
Уулзалтын үеэр Монголын криминологичдын холбоо удирдах зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, криминогич Б.Батзориг Засаг даргад “Бүх сумын цагдаагийн хэсэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэг зорилгоор мэдээлэл өгдөг самбар байршуулж өгөхийг хүсч, “Амар амгалан Баян-Өлгий” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд зохион байгуулахыг санал болголоо.
Засаг дарга аймгийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулж, энэхүү баримт бичгийг боловсруулсан явдалд баярлаж талархсанаа илэрхийлэв.