Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/240 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.07.06/ ажлын хэсгийн ахлагч Усны газрын Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантогтох, Усны газрын Хяналт шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн М.Билгүүн болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уг ажлын хэсэг усны сав газар, тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах гол горхи, булаг шанд, нуур тойрмын зэрэг усны сан бүхий газрын орчмын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, усны орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг зайлуулах, усны бохирдлын эх үүсвэрийг тогтоох, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах юм.
Уулзалтын үеэр Засаг дарга аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан усны сав газар, тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах гол горхи, булаг шанд, нуур тойрмын зэрэг усны орчны бохирдлоос сэргийлэх, хог хаягдлыг зайлуулах ажлуудыг тодорхой түвшинд зохион байгуулж байгаа талаар танилцуулав. “Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Бусад аймгуудыг бодвол гол горхи, булаг шанд олонтой. Аймгийн төвөөр Ховд гол урсдаг. Ховд голын 80 гаруй хувь нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээр урсаж өнгөрдөг. Гэтэл Ховд голын хамгаалалтын захиргаа Ховд аймагт байдаг. Энэ нь бидэнд ажлаа хийхэд хүндрэл учруулдаг. Энэ тухай Байгаль орчин аялал жуулчлалын сайдад хэд хэдэн удаа ярьсан. Яам нь орон нутагтаа уялдаа холбоогоо сайжруулж ажиллах хэрэгтэй байна.” хэмээн онцлоо.
Мөн тус ажлын хэсэг манай аймагт ажиллах үеэр усны сав газрын ойролцоо үүссэн хог хаягдлыг зайлуулах, ил хог хаягдал үүсгэхгүй байх нөлөөллийн ажлыг зохион байгуулж иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулах ажлыг зохион байгуулах юм.