Дэлхийд ганцхан гэгддэг Монгол наадам болж өнгөрдгөөрөө өнгөрнө. Үндэсний их баяр наадмын амралт олон хоног үргэлжилнэ. Наадам өнгөрч, намар эхэлнэ. Аймагт маань “зуд болох нь” гэж хаа сайгүй ярих боллоо. Энэ жил өвөлжилт хүндэрч магадгүй төлөвтэй байгаа тул эртнээс өвөлжилтийн бэлтгэлээ хангах үүднээс өнөөдөр /2022.07.07/ аймгийн Засаг дарга Д.Бауыржан холбогдох байгууллагуудын удирдлагуудтай хурал хийж, үүрэг даалгавар өглөө.
Засаг дарга “Наадмын дараа намар гэгчээр өвлийг өнтэй давахын тулд одооноос өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж эхлэх хэрэгтэй байна. Зарим сумын нутаг зудын өндөр эрсдэлд орох магадлалтай байна. Тэр дундаа Баяннуур, Алтанцөгц, Ногооннуур сумууд зун гандуу болж аль хэдийнээ зуд нүүрлэж эхлээд байна. Өвөл болж, зуд зурхан болдог нь үнэн хойно алгуурлах хэрэг юун, одооноос л эрсдэлийг тооцож бэлдэцгээе. Ялангуяа энэ жил урьд урьдынхаас илүү хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэх хэрэгтэй. Өвөлжилтийн бэлтгэл хангах талаарх Засгийн газрын тогтоол гарсны дараа өргөтгөсөн хурлаа хийж, сумдын Засаг дарга нар, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч өвлийн бэлтгэлээ хангуулж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг тусгуулах шаардлагатай. Энэ жил сум бүр аюулгүй нөөцдөө 150тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх нь зүйтэй” хэмээн онцлоо.
Маргааш Курбан айт баяр эхэлнэ. / Курбан айт гэдэг нь Монголоор өргөл барих гэсэн утгатай үг юм. Курбан айт баяраар боломжтой айл бүр хонь, үхэр зэрэг малаар өргөл барьж ядуучуудад тараадаг./ Энэ жил зуд болох магадлал өндөртэй байгааг малчид маань ч мэдэж байгаа хэдий ч малаа борлуулахгүй байна. Үүнтэй холбогдуулан Ховд, Увс аймгуудаас маш их өвчтэй мал оруулж ирж байна. Үүнтэй бид тэмцэж байна. Малчид зудад малаа алдах гээгээгүй бол малаа зарж болуулах нь зүйтэй хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Азат онцлов.
Мал эмнэлгийн газрын дарга А.Айдынасхар “Бид мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч аймгийн малчид малаа борлуулахгүй байгаагийн улмаас ченжүүд гаднаас мал оруулж ирэн борлуулж байна.” гэлээ.
Иймд малчид маань зудад олон малаа нүдэн дээрээ үхүүлж, харамсахгүйн тулд малаа борлуулахыг уриалж, эртнээс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах хэрэгтэй сануулмаар байна.