АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТУРК УЛСЫН “КЫЗЫЛ АЙ” НИЙГЭМЛЭГ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мусульман шашинтнуудын өргөн тэмдэглэдэг баяр болох Курбан айт баяр маргааш эхэлж гурван хоног үргэлжилнэ. Энэ жил манай аймагт өргөн дэлгэр тэмдэглэж аймгийн хэмжээнд бүх мечетүүд олон хувь хүмүүс өргөл барьж Курбан айт баярыг тэмдэглэхээр төлөвлөж байгаа юм.

Жилийн жилд Бүгд Найрамдах Турк улсын “Кызыл ай” нийгэмлэг мусульманчуудын ариун “Хурбан айт” баярыг тохиолдуулан хэдэн мянган толгой хонь нядалж, махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд тараадаг билээ. Үүнтэй холбогдуулан Турк улсын “Кызыл ай” нийгэмлэгийн төлөөлөгчид манай аймагт ажиллаж байгаа юм байна.

Өнөөдөр /2022.07.06/ аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Кызыл ай” нийгэмлэгийн төлөөлөгчид болон УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан К.Сайраан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Засаг дарга “Та бүхэндээ ариун Курбан баярын мэнд хүргэе! Энэ баяраар манай аймагт зочлон хүрэлцэн ирсэнд таатай байна. 2018 онд манай аймагт үер бууж маш хүнд байдал үүсэхэд хамгийн түрүүнд “Кызыл ай” нийгэмлэг тусламжийн гараа сунгаж байсан. Тэр үед би аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Энэ завшааныг ашиглан та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье” онцолж талууд Курбан баярын тухай яриагаа өрнүүллээ.

Энэ жил Турк улсын “Кызыл ай” нийгэмлэг мусульманчуудын ариун “Хурбан айт” баярыг тохиолдуулан 4000 толгой хонь нядалж, махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд тараах юм байна. Уг ажлыг Монголын Мусульман Шашны Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

You May Also Like