МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ЗАРИМ ЗОХИОЛЧДОД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.07.05/  Монголын Зохиолчдын Эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга яруу найрагч, зохиолч Б.Зархум болон аймгийн зохиолчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр аймгийнхаа Казах, Урианхай, Тува, Дөрвөд, Халх ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг цохон тэмдэглэж, зохиолчдод цаашдын уран бүтээлд амжилт хүсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг гардуулан өгч, баяр хүргэв.

Үүнд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Монголын утга зохиолыг хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, сэтгүүлч Р.Шынай гуайг “Аймгийн хүндэт иргэн” медалиар шагнав.

Мөн Монгол туургатны утга зохиол, соёлыг хөгжүүлэх буянт үйлсэд олон жилийн хичээл зүтгэлээ зориулсан  гэгээн замналыг нь талархан үнэлж “Утга зохиолын төлөө” хүндэт шагналыг Монгол Улсын гавьяат багш В.Сүрэнхүү, “Алтай ньюс” сонины эрхлэгч Х.Жексенбай нар шагнагдсан бол Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн медалиар зохиолч Х.Мейраш, орон нутгийн радиогийн сэтгүүлч Б.Еркинбек, орон нутгийн радиогийн сэтгүүлч Б.Жархын,  аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтэн, уран зохиол судлаач И.Асемгүл нар тус тус шагнагдлаа.

 

You May Also Like