Эрхэмлэх түүхтэй, дээдлэх ёс заншилтай Монгол түмний хоног тоолон, сураг чимээлэн хүлээдэг Үндэсний их баяр наадмын цэнгэл дүүрэн өдрүүд өнөөдөр /2022.07.09/ эхэлж байна.
Монгол Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын хурал М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт боллоо. Үндэсний их баяр наадмын Баярын хурлын эхэнд аймгийн театрын уран бүтээлчид “Хүндэтгэлийн тоглолт”-оо сонирхууллаа.
Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга Д.Бауыржан Үндэсний Их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, “Наадам бол ард түмний эрх чөлөө, сайн сайхан амьдрал, аз жаргал, эв нэгдэл, улс орны тусгаар тогтнолын илэрхийлэхийн бэлэг тэмдэг билээ. Тийм ч учраас төрийн нуруу түвшин сайхан, түмэн олон маань амар амгалан, аз жаргалтай, цохь хийморьтой, эрүүл энх аж төрж, баяр наадмаа баяр баясгалан инээд хөөрөөр, дастархан дүүрэн идээ будаатай тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе. Ингээд Үндэсний Их баяр наадмын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье. Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөн улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж буй эрхмүүдэд чин сэтгэлээсээ баяр хүргеэ. Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдийн шагналыг УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга Х.Арман нар гардуулан өгч баяр хүргэв.