Шилдэг стартап залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох “Стартап” шилдгүүдээ шалгарууллаа. Шинэ үеийн залуусын заавал хамрагдах, өрсөлдөж өөрийгөө болон багаа сорьж үзэх, шинэ соргог мэдээллээр тархиа цэнэглэх уралдаан бол яахын арга үгүй “Стартап” уралдаан.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Өлгий нутгийн ирээдүй хойч болсон залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилгоор “Стартап” уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав.
Гарааны бизнес хийх хүсэл тэмүүлэлтэй, нийгмийн асуудлыг шийдэх эрмэлзэлтэй нийт 13 баг өнөөдөр /2022.07.07/ “Стартап” уралдаанд өрсөлдөж, шилдэг стартап залуучуудын багаар “MUZ TAU АВТО ОЁДОЛ”-ын баг шалгарлаа. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан шилдэг стартап залуучуудын багт эргэн төлөх нөхцөлгүй 10,0 сая төгрөгийн шагналыг гардуулж баяр хүргэв.
Мөн энэ үеэр Засаг дарга стартап уралдаанд хамрагдсан бизнес эрхлэгч залуучуудад хандаж мэндчилгээ дэвшүүлэн, залуучуудад зориулж өөрийн амьдрал, бизнесийн сургамж, амжилтыг хуваалцлаа. Уралдаан тэмцээнд нэгэн ялж, нэгэн ялагддаг. Ялагдсан баг сэтгэлээр уналгүй дараа жил улам сайн бэлдэж, хүч түрэн орж ирэн ялахыг хүсэж, амжилтын төлөө бууж өгөхгүй зүтгээрэй хэмээн урмын үгээ хайрлалаа.
Түүнчлэн Засаг даргын зүгээс Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 баг тус бүрт 100 төгрөг, 3 дугаар байр эзэлсэн багт 1 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн багт 2 сая төгрөгийн тэтгэлгийг олгов.
Арга хэмжээг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон “Стартап”-ын залуучууд хамтран зохион байгууллаа.