ӨЛГИЙЧҮҮД НАРТАЙ, ХУРТАЙ ҮНДЭСНИЙ СУРЫН МЭРГЭН, ГОЦ ХАРВААЧ, ОНЧ ХАРВААЧТАЙ, ЗААН ЦОЛТОЙ САЙХАН НААДЛАА

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жил,   Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан өндөрлөлөө. Энэ жил наадамчин олон аймгийн төв талбай, төв цэнгэлдэх хүрээлэн болон морь барианы газарт наадлаа.

Баян-Өлгий аймгийн алдар цуутай эрхэм хүндтэй хүмүүс болон шилдэг сурагч мөнх хөх тэнгэртээ Монгол улсынхаа төрийн далбааг өргөн мандуулж, аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал зохион байгуулан, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий нутгийн зон олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүлснээр нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэлсэн юм. Нар хур тэгширсэн, налгар өдрүүдэд хүчит бөхөө барилдуулж, хурдан морьдоо уралдуулж, сур, шагайгаа харваж цэц мэргэнээ сорин,  “Айтыс” буюу харилцаа дуугаар  мэргэн ухаан, авхаалж самбаагаа сорьж, шүлгээ зохиож домбордож дуулан өрсөлдөж, “Кыз куар” буюу үндэсний хувцсаар гоёсон охид, хөвгүүд  наргиж уралдан, “Көкпар” буюу эр зоригт эрчүүд нь тулам булаалцаж хүчээ сорин, гайхуулж наадав.

Түүнчлэн Буянт сумын уугуул Тагнуулын ерөнхий газар, Эрч спорт хороо, Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл, Өндөр уртын буян компаний харваач Монгол улсын Гарамгай харваач Төхөөний Очироо Үндэсний Их баяр наадмаар 40 сумандаа 39 онож түрүүлэн Монгол Улсын Мэргэн цолны болзол биелүүлж төрөлх Буянт сумынхаа 80 жилийн ойд том бэлэг барьж нутгийн зон олноо баярлуулав.

Харин 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Өлгий сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газар, “Хүч” спорт хороо, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харваач, спортын мастер Батсүхийн Энхтүвшин-д “Улсын гоц харваач” цол хүртсэн бол 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Өлгий сумын харьяат, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Нармандахын Алтантулга-д “Улсын онч харваач” цол хүртэж Өлгийчүүдийг баярлуулсан юм.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваа өрсөлдөөнтэй болж Баян-Өлгий аймгийн харваачид түрүүлж, шинэ цолтнууд олноор төрөн манай аймгийн харваачид онцгой наадсан юм.

Мөн Үндэсний их баяр наадмын улсын зүлэг ногоон дэвжээнээс Улаанхус сумын харьяат, Улсын начин Бердимуратын Серик уран мэхээ уралдуулж Дорнод аймгийн улсын заан Д.Анараар долоо давж, Улсын Заан цол хүртэж Өлгийчүүдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх барилдаан үзүүлж, наадамчин олны магнайг тэнийлгэсэн юм.

Үндэсний их баяр наадмаа цар тахлын улмаас хоёр жил тэмдэглээгүй.  Энэ жил Өлгийчүүд баяр наадмаа сэтгэл тэнүүн сайхан тэмдэглэлээ

Монгол хүн дурсамж ярих хүрэхээр тэр жилийн наадмаар гэж ярих нь их. Энэ жилийн наадам ирэх жил хүртэл ярих сонин сайхан ихтэй, наадамчин олон сэтгэл дүүрэн, хүн бүрийн сэтгэлд гүн сэтгэгдэл төрүүлэхүйцээр үнэхээр сайхан болсон гэж наадамчин олон ярилцацгаав. Аймгийн баяр наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулсан аймгийн Засаг дарга, ЗДТГ, салбар комиссынхонд нутгийн ард иргэд талархал илэрхийлэв. Учир нь аймгийн Засаг дарга Д.Бауыржан ард түмэнд ээлтэй хэд хэдэн шийдвэр гаргасан бөгөөд энэ ч иргэдэд тусаа өгсөн юм. 07 дугаар сарын 9-ний өдөр ард иргэдэд аймгийн төв талбайд наадмын хуушуур болон нийтийн хоол хийх, худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй гэсэн нь иргэдэд нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлсэн юм. Мөн баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэн болон морь барианы газарт иргэд автомашины тусгай зөвшөөрөл авахгүй гэсэн нь дарга ч бай, иргэн ч бай бүгд адилхан эрх үүрэг эдлүүлсэн юм.

Түүнчлэн аймгийн төв талбайд “Үндэсний хувцас” шалгаруулах уралдаан зохион байгуулж, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, аймагт маань хүрэлцэн ирсэн жуулчид, зочин гийчдэд үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцсыг сурталчлан таниулах зорилготой  зохион байгууллаа.

Сайтын уншигч та бүхэндээ баяр наадмын мэдээллийг тоймлон хүргэхэд ийм байна. Харин баяр наадмын үеэр зохион байгуулагдсан арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг тусдаа хүргэх болно.

You May Also Like