Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглов.
Энэ жилийн аймгийн баяр наадам өргөн дэлгэр, өнгөтэй сайхан болж, наадмын зүлэг ногоон дэвжээнээс шинэ аймгийн Арслан, Заан, Начин цолтон мэндэлж, зон олон маань өргөн дэлгэр наадав.
Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Булган сумын харьяат аймгийн харцага Б.Төмөрбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Баяннуур сумын харьяат аймгийн начин E.Көптилек үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангав. Их шөвөгт шинээр аймгийн начин цолны болзол хангасан Бугат сумын харьяат Х.Оразахын, Алтай сумын харьяат Н.Амаржаргал нар шалгарсан юм.
Өсвөрийн бөхийн барилдаан амжилттай сайхан болж Б.Тойгали түрүүлж, аймгийн шонхор цол, О.Айболат үзүүрлэж, аймгийн шандас цол хүртсэн бол их шөвөгт Ш.Батырбек болон А.Хобыланды нар шалгарсан юм.
Ингээд хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү бөх тодорсноор аймгийн наадам өндөрлөсөн юм.