ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр /2022.07.28/ Баян-Өлгий аймагт ажиллалаа.

     Тэрээр аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон холбогдох хүмүүсийн хамт Бураатын давааны авто замын нөхцөл байдал, шинээр ашиглалтад орсон Шар нуурын авто замын хяналтын цэг, Өлгий нисэх буудал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх авто зам болон гүүрний ажил зэрэг манай аймагт хэрэгжиж буй авто замын төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлийг газар дээр нь үзэж, танилцаж ажиллалаа.

       Хамгийн түрүүнд  Бураатын даваанаас Шар нуурын авто замын хяналтын цэг хүртэлх хатуу хучилттай авто замын чанар болон эвдрэлтэй хэсгүүдийг үзэж, үүссэн эвдрэлийг шуурхай засварлахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

     Үүний дараа Шар нуурын авто замын хяналтын цэгт ажиллав. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан  сайдад Шар нуурт зусдаг айлууд уг постоор өдөрт 2-3 удаа орж гардаг бөгөөд, энэ нь иргэдэд хүндрэл учруулдагийг онцолж, нэг удаагийн төлбөр төлөлтөөр өдөрт 2-3 удаа орж гарах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж, иргэдийн санал хүсэлтийг сайдад уламжлав.

      Түүнчлэн Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Өлгий хотыг тойрон гарах Авто Зам болон гүүрний бүтээн байгуулалт болон гүйцэтгэлтэй танилцав.

      Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлын гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК болон “Хотгор Зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд  гурван төрлийн багц гэрээгээр гүйцэтгэж байгаа. Нэгдүгээр багц буюу 6.75 км авто зам, хоёрдугаар багц буюу 201.08 у/м төмөрбетон гүүр болон гуравдугаар багц буюу 11.8 км авто замыг барьж дуусгах ёстой.

     Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад “Хотгор Зам” ХХК гүйцэтгэж байгаа 6.75 км авто замын хучилтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг, “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК 11.8 км авто замын 3 км гаруй авто замын ажил үлдсэнийг дурдаж,  харин Ховд голын 201.08 у/м төмөрбетон гүүрний дулааны цутгалтын ажил хийгдсэн, сувгийн газар доор байдаг цутгалууд бүгд хийгдсэн, нийт 48 дамнуурын 39 дамнуурыг хийгээд бэлэн болсон ажлын явц 50 гаруй хувьтай байна хэмээн онцлоод “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК болон “Хотгор Зам” ХХК-ууд авто зам болон гүүрний барилгын  ажлыг дуусгах сүүлийн хугацаа буюу 10 дугаар сарын 30 гэхэд  дуусгахыг үүрэг болгов.

     Өлгий хотыг тойрон гарах энэхүү авто зам нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.

     Мөн сайд аймгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Онгоцны буудлын шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болох асуудал болон нисэх буудлын өргөтгөлийн асуудлыг хөндөн ярилцаж, зураг төсвийн асуудал, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зураг төсөв хийх шаардлагатай 500 сая орчим төгрөгийн ажлыг түргэвчилж, ойрын хугацаанд шийдвэрлүүлэх болно гэдгийг сайд хэллээ.

You May Also Like