АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, 2 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

        Өнөөдөр/2022.08.03/ цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх зарим асуудалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааныг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Д.Бауыржан даргалан хуралдуулсан бөгөөд энэхүү хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцэв.

      Онцгой комиссын дарга аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байгаа тухай хэлж, үүнтэй холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчукээс нөхцөл байдлын тухай тодрууллаа.

      Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук  “08-р сарын 01-ний шөнө буюу 23:00 цагт Нэгдсэн эмнэлэгт тарваганд хазуулсан 39 настай, эрэгтэй яаралтай тусламжийн тасагт ирж анхны тусламж авсан бөгөөд түүнийг тарваган тахлын шинж тэмдэгтэй гэж үзэн тусгаарлан эмчилж эхэлсэн бөгөөд сэжигтэй тохиолдол гэж үзэн аймгийн Зоонозын өвчин судлалын төвт мэдэгдсэн байгаа. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал сайжирч, хэвийн байгаа” гэдгийг мэдээллээ.

          Дараа нь Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Үржих мэдээлэл өгөв. Тэрбээр “Дээрх өвчтөнөөс 4 төрлийн дээж авч шинжилгээг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийж байна. Мөн өвчтөний хөөмийн арчдас, булчирхайн шүүдэс, цусны ийлдэс зэрэгт Тарваган тахлын түргэвчилсэн оношлуур тестээр шинжилгээ хийж үзэхэд тарваган тахлын өвөрмөц эсрэг төрөгч илрээгүй сөрөг гарсан. Гэхдээ нян судлалын шинжилгээ үргэлжилж байна. Сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 6 хүн байгаа бөгөөд өвчтөний гэрт тусгаарласан байгаа гэв.

           Мөн энэ үеэр Засаг дарга Д.Бауыржан “Өнгөрсөн хугацаанд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ, Горный Алтай мужийн ТТЭСС-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг манай аймгийн голомтот нутгуудад тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амын халдварлах эрсдэлийг тогтоох зорилгоор тандалт судалгааг хийсэн тухай дурдаж, судалгаагаар тахлын байгалийн голомт идэвхжиж, тархвар судлалын өндөр эрсдэлтэй байгааг тогтоосон гэдгийг” онцлон сануулав.

ТАРВАГАН ТАХЛЫН ГОЛОМТТОЙ, ЭРСДЭЛТЭЙ БҮС НУТГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭНЭ ДОЛОО ХОНОГООС ЭХЛЭН ЭРЧИМЖҮҮЛНЭ

      Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Онцгой комисс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс /2022.08.03/ эхлэн 45 хонгийн аян өрнүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийг гаргаж, тус захирамжийн хүрээнд Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон тахлын байгалийн голомтод бүсүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийхээр болов. Хяналт шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан, тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоох, зөрчил гаргасан иргэдэд тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахаар боллоо.

       Иргэдэд анхааруулан мэдээлэхэд хууль бус ан агнуурын асуудал маш их байгаатай холбогдуулан ялангуяа тарваган тахлын голомтод эрсдэлтэй бүс нутгуудад хяналт шалгалтын үйл ажиллагааг энэ долоо хоногоос эхлэн эрчимтэй зохион байгуулахаар болов.

     Манай аймагт тарваган тахлын идэвхжил маш өндөр байгаа бөгөөд тарваган тахал өвчний улиралчлалтай холбоотойгоор иргэд голомтот бүс нутагт амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авахаас заавал татгалзаарай хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулж байна.

     Түүнчлэн аймгийн Онцгой комиссын дарга “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын омикрон BA.4 and BA.5 хувилбарын тархалт сүүлийн үед нэмэгдэж, ковидоор халдварлагсад түүний дотор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо өсч буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчукээс ковидын талаарх мэдээллийг сонсов.

      Тэрээр өнөөдрийн байдлаар Ковидын PCR шинжилгээнд 2000 гаруй хүн хамрагдсан бөгөөд 84 хүний шинжилгээ эерэг гарсан байна. Иргэдийн дунд ханиад томуу их дэгдэж, өвчлөл нэмэгдэж байна. Энэ нь ковид байх магадлалтай.  Иймд Ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед эрчимт эмчилгээний хүрэлцээ чухал байдаг учраас  эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ.

      Ингээд аймгийн Онцгой комисс Ковидоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болж нэн тэргүүнд хэвтэн эмчлүүлэх 30 орыг дэлгэж бэлтгэхээр болсон ба эмийн нөөц,  эмнэлгийн хэрэгслээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов. Түүнчлэн  удахгүй хичээл эхлэхтэй холбогдуулан КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хичээл сургалтын бэлэн байдлыг хангахыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд үүрэг болгохоор шийдвэрлэв.

You May Also Like