ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН “БОРШОО” БООМТЫН ӨРГӨТГӨН ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Увс аймагт ажиллах үеэр Увс аймгийн төвөөс 114 км зайд оршдог Давс сумын нутагт байрладаг “Боршоо” боомтын үйл ажиллагаа болон тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

“Боршоо” боомт нь Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд хилийн асуудлаар байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм. ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва Улсын Хандгайт тосгоны хэсэгт байрладаг Хандгайт авто замын боомттой хиллэдэг.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Боршоо” боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчилж барьж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгон өргөтгөсөн бол одоо олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэж байгаа. Харин удахгүй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд аймгийн “Цагааннуур” боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчилж барих ажил эхлэхтэй холбогдуулан Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Х.Арман, ЗДТГ-ын дарга Б.Мухамед нар  ийнхүү туршлага судалсан юм.

Боршоо боомтын шинэчлэлийн үр дүнд өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 5 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж хүчин чадал нь сайжирч төрийн албан хаагчид, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй, таатай орчин бүрдэх аж. Боршоо боомтоор дамжин Монгол Улсын иргэд ОХУ руу зорчихоос гадна тус улсын иргэд манай улс руу нэвтэрдэг юм. Боршоо боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

You May Also Like