Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.08.12/ Солонгос улсын иргэн У Ик Сон болон У Ми Ён нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтад Засаг даргын орлогч Х.Арман, С.Хонаев, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат, НААҮ-НИЙ “СУАТ” ХХК-ний захирал Ж.Адалбек, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия, Боловсролын шинжлэх ухааны газрын дэд дарга Х.Азатбек, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа Багшийн их сургуулийн захирал С.Гаура нар болон албаны бусад хүмүүс оролцов.
Уулзалтын эхэнд У Ми Ён Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, аймгийн удирдлагуудтай уулзах болсон зорилгоо танилцуулсан юм. Тэрээр “Солонгосын орон нутгийн захиргаа болон манай аймгийн орон нутгийн захиргаад хооронд эгч дүүсийн харилцааг тогтооход дэмжлэг үзүүлж, Солонгосын аль нэг хоттой хамтран ажиллахаар холбож өгч, ажилтан солилцоо хийх, Өлгий хотын борооны ус зайлуулах асуудал, ОО-ын асуудал, ундны усны асуудлаар хамтарч ажиллах, харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулах боломжтой” хэмээн танилцууллаа.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Солонгос улсын шат шатны захиргаа, байгууллагуудтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйг онцолж, мөн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн салбар, аялал жуулчлалын салбар зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлттэй байгаагаа тэмдэглэн хэлсэн юм.
Уулзалтын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны цаашдын хамтран ажиллах боломжтой салбар, үйл ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцож, дараа дараагийн уулзалтуудаар үргэлжлүүлэн ярилцахаар болов.