МОНГОЛ УЛСЫН ЗААН Б.СЕРИКИЙГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД, ӨЛГИЙ НУТГИЙН ЗОН ОЛОН ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР УГТАЖ АВЛАА

   Аймгийн Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй аймгийн удирдлагууд болон Өлгий нутгийн зон олон Монгол Улсын Заан Бердимуратын Серикийг халуун дулаанаар угтан авч, наадамчин олныгоо баясгасанд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. 

   Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Бердимуратын Серик Дорнод аймгийн улсын заан Д.Анараар долоо давж, Монгол Улсын ЗААН хэмээх хүндэт цолыг хүртсэн.

    Монгол Улсын Заан Бердимуратын Серикт хүндэтгэл үзүүлэх цолны мялаалга наадмын нээлтийн арга хэмжээний эхний хэсгийг өнөөдөр/2022.08.31/ аймгийн төв талбайд зохион байгууллаа.

    Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэндчилгээ дэвшүүлж, Монгол улсын мэргэн Төхөөний ОЧИРОО, Монгол улсын заан Бердимуратын СЕРИК нар Өлгий нутгийн бахархал бөгөөд казах, урианхай, тува, дөрвөд ахан дүүсийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Өлгий нутгаас 76 жилийн дараа заан цол хүртэж, Баян-Өлгий аймгаар овоглож, нутгийнхаа нэрийг өндөрт өргөж наадамчин олны магнайг тэнийлгэсэн Серик дүүдээ дахин баяр хүргэе. Монгол бөхийн түүхэнд өөрийн мөрөө үлдээж чадлаа.” хэмээв.

    Монгол Улсын Заан Б.Серикийг угтан авах арга хэмжээнд эцэг эх, ахан дүүс,  төрөл төрөгсөд нь, анд нөхөд, хамт олон нь, түүний цолны мялаалга наадмыг зохион байгуулах комисс болон  хэвлэлийнхэн оролцлоо.

    Монгол Улсын Заан Бердимуратын Серикт хүндэтгэл үзүүлэх цолны мялаалга наадам 09 дүгээр сарын 03, 04 өдрүүдэд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

You May Also Like